Умайгүй төрсөн 36 настай нэгэн швед эмэгтэй ээж болж, анагаах ухааны түүхэнд нэгэн шинэ хуудас нээв. Тэрбээр долоон жилийн өмнө цэвэршсэн, 60 эргэм насны нэгэн найз эмэгтэйнхээ умайг хоёр жилийн өмнө биедээ шилжүүлэн суулгуулж, хиймлээр үр тогтоолгосон байна. Түүний хүү өнгөрсөн сарын сүүлчээр хугацаанаасаа өмнө мэндэлсэн ч одоо эрүүл энх бойжиж байгаа гэнэ. Шведийн эмч нар эмэгтэйн нэрийг нууцалж байгаа бол нөхөр нь Их Британийн “Lancet” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Эхнэр бид хоёр маш их баяртай байна. Хүү маань урт зам туулж, бидэнд ирлээ” гэжээ.
Хорт хавдрын эмчилгээ юм уу, төрөлхийн өвчин эмгэгээс болж эмэгтэй хүн умайгүй юм уу, умайн хүзүүгүй болдог байна. Тийм эмэгтэйчүүд хүүхэдтэй болъё гэвэл тээгч эх хөлслөхөөс өөр аргагүй байдаг аж.