АН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар “ЭЗЭН-100” хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэж, “хангалттай” хэмээн дүгнэжээ. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Ерөнхий сайдын дэвшүүлсэн Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн төсөл болон “ЭЗЭН-100” хөтөлбөрөөр далимдуулж Засгийн газартай асуудал ярих сонирхолтой байгаа бол тэрийгээ тодорхой болгох хэрэгтэй. Улс төрийн тогтвортой байдал чухал гэж ярьдгаасаа эсрэг алхам хийдгээ зогсоох ёстой” гэсэн юм.
Харин Засгийн газрын бүтцийг нөхцөл байдалдаа тохируулан өөрчлөх нь “эрүүл үзэгдэл” гэж тэрбээр дурдсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын бүтцийн асуудлаарх Ерөнхий сайдын дэвшүүлсэн хувилбарыг АН-ын бүлгийн гишүүд нийгэм, улс төр, эдийн засгийн нөхцөл байдалд тохирсон өөрчлөлт хэмээн олонх нь санал нэгдсэн байна. Тус бүлгийн дарга “Засгийн газар бүтэцдээ ийм өөрчлөлт хийхээр тусгасан нь олон нийт болоод сөрөг хүчний зүгээс тавьж ирсэн шүүмжлэлтэй холбоотой. Тухайлбал, МАН-ын бүлгийн зүгээс эдийн засаг хүнд байна, Сангийн болон Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах ёстой, Монгол Улс хоёр төсөвтэй боллоо, хөрөнгө оруулалтыг Эдийн засгийн хөгжлийн яаманд хариуцуулсан нь буруу, “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийн хуваарилалт муу гэхчилэн олон шаардлага тавьж ирсэн. Тиймээс нэг төсөвтэй болгох шийдлээр оруулж ирсэн Ерөнхий саналыг дэмжиж байна” гэсэн юм. Мөн Эрчим хүчний болон Уул уурхайн яамд нь хамгийн том төсөл хэрэгжүүлэгчид боловч ажлын уялдаагүйгээс хөрөнгө оруулалтуудын тендерийн ажиллагаа удааширч, шийдэгдэж чадахгүй байх тохиолдол гарч байгаа тул нэгтгэх нь зөв гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Түүнчлэн гурван сая хүн амтай, өргөн уудам нутагтай манай улсын хувьд өв соёлоо хамгаалах бодлогыг тусгайлсан яамаар дамжуулан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж байлаа.
Хуралдааны талаарх мэдээллийн дараа АН-ын бүлгийн дарга сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-“ЭЗЭН-100” хөтөлбөрийг “хангалттай” гэж дүгнэсэн үндэслэл, шалтгаан нь юу байв?
-Энэхүү хөтөлбөрийн хүрээнд тодорхой зорилго тавин ажилласан. Тэр хүрээнд л ярина. Өнөөдөр тулгамдаад буй эдийн засгийн хүндрэлийн буруутанг хайвал олон жилийн өмнөхийг ярих болно. Экспортын орлогын хомсдол болон эдийн засгийн хувьд хараат хэвээр байгааг бид шүүмжилж, бие биеэ буруутгахад хугацаа зарна. Хамгийн гол нь эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд ямар ажил хийсэн бэ гэдэг нь чухал. Хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлууд тун тодорхой байна. Жил гаруй зогсонги байдалд байсан экспорт жигдэрсэн. Энэ нь эдийн засгийн цаашдын өсөлтийг хангах нөхцөл бүрдэж байгаа хэрэг. Валют, алтны нөөц нэмэгдэж, Тавантолгойн ордыг дагасан уурхайнууд болон Оюутолгойн далд уурхайн баяжмалын борлуулалт хэвийн болж байгааг амжилт гэж үзэж байна.
-Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг эцэслэсний дараа хэнийг сайдаар томилох вэ гэсэн асуудал анхаарал татах нь дамжиггүй. Ялангуяа УИХ-ын гаднаас сайд нарыг томилох ёстой гэсэн байр суурь олон нийтийн дунд давамгайлж байна. Энэ талаарх бүлгийн байр суурийг илэрхийлэх боломж байна уу?
-Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд сайд нарын томилно. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд хэнийг чөлөөлж, шинээр томилохоо санал болгоно. Хуулиа мөрдөхгүйгүээр хүн болгоны хэлснээр явбал бидний ардчилал хаачих вэ.
-МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэнтэй хэрхэн ойлголцож, тохиролцож байгаа бол?
-АН болон “Шударга ёс” эвслийн хооронд хийсэн гэрээнд засаглалын хуваарилалтын дурдсан зүйл, заалт бий. Тэр зүйл, заалт өөрчлөгдөхгүй гэдгийг Ерөнхий сайд нотолсон. Гэхдээ Засгийн газрын бүтцийг өөрчлөх нь хэн нэгэн сайдын тухай асуудал биш гэдгийг ойлголцсон гэж бодож байна. Бүтцийн өөрчлөлт эцэслэн шийдэгдсэний дараа сайд нарын харьцаа хэвээр хадгалагдах байх.