Нийслэлийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дэд даргын 430 тоот удирдамжаар есөн дүүргийн томоохон худалдааны төвүүд, худалдаа, үйлчилгээний 12 газар, 980 гаруй лангуу түрээслэгчийг хамруулан энэ сарын 10-наас хяналт шалгалт хийлээ. Нийслэл, дүүргүүд дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, аюулгүй байдал болон эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын 25 байцаагч явуулсан шалгалтаар нийт 320 зөрчил илрүүлэн, 23 заалт бүхий зургаан албан шаардлага хүргүүлж, үйл ажиллагааг нь түр зогсоох нэг, бүтээгдэхүүн хурааж устгах найман акт үйлджээ. Мөн хадгалалтын хугацаа нь дууссан 19 нэр төрлийн 2.2 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, сая төгрөгийн үнэ бүхий зургаан нэрийн 241 ширхэг янжуур, дүнсэн тамхи хурааж, устгахаар шийдвэрлэж, аж ахуйн хоёр нэгжид 9.7 сая, 44 иргэнд 7.4, найман албан тушаалтанд 30.6, нийт 47.8 сая төгрөгийн торгууль ногдуулж, барагдуулжээ. Шошгын зөрчилтэй 165 нэрийн бүтээгдэхүүнийг гүйлгээнээс татаж, бүртгэлгүй, баталгаажуулалтгүй худалдаж байсан 36 нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч, лабораторид шинжлүүлэхээр хүргүүлсэн байна.
Томоохон худалдааны төв “Нарантуул”, “Барс”, “Хархорин”, “Меркури”, “Энхжин” “Бөмбөгөр”-т хийсэн шалгалтаар бүтээгдэхүүнүүд нь хаяг шошгын зөрчилтэй, сав баглаа боодолгүй, хадгалалтын хугацаа дууссан, Монголд худалдан борлуулах зөвшөөрөлгүй зэрэг зөрчил илр үүлсэн байна. “Нарантуул” худалдааны төвд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, хүнсний бөөний агуулах гэж нэрлэсэн чингэлэгүүд нь халаалт, усан хангамж болон гэрэлтүүлэггүйгээс хүнсний аюулгүй байдлын стандартыг ноцтой зөрчжээ.
Тиймээс тус захыг тодорхойгүй хугацаагаар түр хаах болсон гэсэн мэдээллийн мөрөөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Энхбатаас тодруулахад “Шалгалтын явцад олон зөрчил илэрсэн. Түрээслэгчдэд зөрчл үүдийг арилгах хугацаа өгсөн. Хааж, лацдаж ломбодохыг урьтал болгомооргүй байна. Хамгийн гол нь түрээслэгчид зөрчлөө арилгачихбал асуудалгүй. Энэ талаар баасан гаригт албан ёсоор нийтэд мэдээлнэ. Түрээслэгчид заасан хугацаанд хүнсний бөөний худалдааны агуулахуудын халаалт, усан хангамжийн асуудлыг шийдэхгүй бол захыг хэсэгчлэн хааж, арга хэмжээ авна. Нийт 280-аад чингэлэг, лангуу бий” гэлээ. Ямартай ч өнөө, маргаашдаа “Нарантуул”- ын хүнсний бөөний агуулахуудын үйл ажиллагааг зогсоохгүй юм байна. Хэрвээ ирэх баасан гариг хүртэл түрээслэгчид зөрчлөө арилгахгүй бол 280 гаруй хүн бизнесээ түр зогсоохоос өөр аргагүйд хүрэх нь.
О.БАТ-УНДРАХ