Төрийн байгууллага, албан тушаалтны нэрийг барьж залилан мэхлэх явдал хэд хэдэн удаа гарч байна. УИХ-ын гишүүний, Улсын ерөнхий прокурорын нэрийг барьж бусдыг залилж байсан хүмүүсийг хууль хяналтын байгууллагад шалгаж, зохих ял шийтгэл ногдуулаад байгаа. Гэвч бусдыг залилж амар хялбар аргаар мөнгө олдог хүмүүс ял шийтг үүлсэн ч суллагдсаныхаа дараа дахин хэрэг үйлдэж байна. Тийм нэгэн бүсгүйг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж буй гэнэ. Сэжигтнийг С гэдэг бөгөөд өдгөө 21 настай, өмнө нь бусдыг залилан мэхэлсэн хэргээр хоёр жилийн ял шийтгүүлээд, өнгөрсөн онд суллагдсан аж.
Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Эрдэнэчимэг байна” гэж аль нэгэн байгууллага, аж ахуйн нэгжийн захирал, эрх бүхий албан тушаалтан руу утсаар ярьдаг аж. Улмаар “Нийслэлийн 375 жилийн ойн медалиар танай байгууллагаас хоёр хүнийг шагнах болсон. Тэмдэгтийн хураамж 111400 төгрөг өгөх ёстой. Уг медалийг дагаж 150 мянган төгрөг ирнэ” хэмээн 30-аад байгууллагаас мөнгө авсан байжээ. Түүний өөр нэг арга нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төслийн нэрийг барих гэнэ. Ийм аргаар мөн хэд хэдэн компанийн удирдлагаас 200-250 мянган төгрөг авсан нь тогтоогдоод буй аж.
Тэрбээр “Жижиг дунд бизнесийг дэмжих төслөөс ярьж байна. АНУ-ын DDTI компаниас танай компанид тоног төхөөрөмж олгохоор болсон. Тиймээс гаалийн татвар болох 200-250 мянган төгрөг төлөх шаардлагатай” гэж утсаар яриад өөрөө очих, эсвэл Хас болон Хаан банкны 5561150439 дугаарын дансаар мөнгийг нь авч байжээ. Энэ мэт байдлаар мөнгөө залилуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, эрх бүхий албан тушаалтан байвал Хан-Уул, Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст хандах боломжтой аж. Сэжигтэн С нь Баянгол дүүрэгт оршин суудаг, жирэмсэн, багадаа асрамжийн газарт өсөж байгаад гарсныхаа дараа бусдыг залилах болсон гэнэ.