Халгай Монголд хаа сайгүй элбэг ургадаг. Маш шигүү, нарийн өргөснүүд нь түлэх мэт хатгаж, хатгуулсан газар нь хорсон загатнадаг учраас халгайнаас зугтааж, бараг л үзэн ядах нь холгүй байдаг орчин цагийн монголчууд энэхүү ургамлын ид шидийг одооноос таньж, амьдрал ахуйдаа нэвтрүүлж эхэлжээ. Уг нь бол нүүдэлчин монголчууд халгайны ач холбогдлыг нэн эртнээс мэдэх бөгөөд бидний өвөг дээдэс түүний анагаах ид шид болон алжаал ядаргаа тайлах хосгүй үйлчилгээг олон талаар ашигладаг байж. Тэгвэл өргөст халгайн анагаах чадлыг сүүлийн үед Азийн олон оронд шагшин магтах болсон. Халгай нь аскорбиний хүчил, холен, А, Д зэрэг олон төрлийн аминдэм, төмөр, кальци, эрдэс бодис болон эслэгийн өндөр агууламжтай. Халгайг хоолондоо хийх буюу цай бэлтгэж уувал бөөрний дээд булчирхай болон бөөр, зүрхний үйл ажиллагааг дэмжиж, уушги, гэдэс дотрын эд, эсийг сэргээхээс гадна цусыг маш сайн цэвэрлэдэг байна. Халгайны бас нэгэн гайхамшигт чанар нь хуйханд тэжээл өгч, үс уналтыг зогсоон, халцарч унасан газарт богино хугацаанд шинэ үс ургуулдаг явдал. Түүнчлэн халгай хөхүүл эхчүүдийн сүүний гарцыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ улирлын чанартай харшил хөдлөх явцыг багасгаж, урьдчилан сэргийлэх боломжтой юм байна.
ХАЛГАЙ ЯДАРГААНД ТУСТАЙ
Халгай ядаргаа тайлах чадвараараа гайхагддаг ургамал. Гурван настай залуу халгай тамир тэнхээ нөхөхөд хамгийн үр дүнтэй нь туршилтаар батлагдсан байна. Харин халгайн ханд бэлтгэх гэж буй бол зуны сүүл, намрын эхээр даршлан, зөв хадгалж хэрэглэснээр бүх төрлийн ужиг хууч өвчин болон биеийн эсэргүүцэл суларсан үед ямар амин дэмтэй зүйрлэшгүй шидтэй гэнэ. Тухайлбал, халгайн шөл нь маш их тэжээллэг чанартай. Хамгийн гол нь халгайг юунд ашиглахаас хамаараад, хэдийд түүж, хэрхэн хатаах, яаж даршлах, ямар ханд бэлтгэх вэ гэдэг нь маш чухал. Тийм учраас халгайг шинэ цагийн хүүхнүүдийн эрүүл мэнд, гоо сайхны үйлчилгээнд нэвтрүүлээд буй “Eco Beauty” салонтой хамтран бид мэргэжлийн хүний зөвлөгөөг цувралаар хүргэх болно. Халгайгаар ямар хоол бэлтгэж болох тухай “Ням гариг” сонины дараагийн дугаарт нийтлэх болно.
ХАЛГАЙ ҮСНИЙ ЭМЧ
Өглөө босоход дэрэн дээр туг тугаараа унасан үсээ харахаар өөрийн эрхгүй сэтгэлээр унадаг байлаа. Угаалгын өрөөнд бол ямар байх нь бүр ч ойлгомжтой. Угийн шингэн үстэй болохоор “таван хялгас” минь гар хүрэхээр л унаад байгаа юм шиг санагдаад сүүлдээ сам ч хүргэхээ байсан үе надад бий. Үс уналтыг зогсооход халгай хамгийн үр дүнтэй арга гэж энд тэндээс үзэж, сонсож байсан ч хоёр сарын өмнө “Eco Beauty” салоныг зорин очих хүртлээ ид шидэнд нь хангалттай итгэж чадаагүй явжээ. Хачирхалтай нь, тэнд хөгшин, залуу, дунд эргэм насны эмэгтэйчүүдээс гадна хорь л гарч яваа болов уу гэмээр бидний үеийн эрэгтэйчүүд хүртэл өчнөөн байх аж. Тэдний олонх нь халгайн эмчилгээнд явдгийг мэдээд, минийх л ганцаараа халцраад байгаа юм биш, үс унах гэдэг энэхүү “зовлон” орчин үед баян ядуу, хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй, тарган туранхай гэж хэнийг ч ялгахгүй нүүрлэдэг болсныг хүлээн зөвшөөрөв. “Төрснөөс хойш үс унаад зогсохоо байлаа, миний үс энд тэндгүй халцраад байна яах вэ, орой хэсгээрээ бүр шингэрчихлээ” гэсэн янз бүрийн хүмүүс тэдний байнгын үйлчлүүлэгчид юм билээ.
Үс уналтын шалтгаан олон янз байдаг юм байна. Тэр дундаа хот орон газрын бидэнд бухимдах шалтгаан мундахгүй учраас стресс нь үс уналтын хамгийн том шалтгаан болдог гэнэ. Тиймээс эднийх халгайн эмчилгээний өрөөндөө хүмүүсийг цаг гучин минутын турш амарч тухлан бүх стресс ядаргаагаа үдэн хөөх боломж нөхцөлийг хангаж өгчээ. Бид нэгнийгээ “үс халцарлаа яах вэ” гэхээр түргэн ургуулах шидтэй гэх янз бүрийн бэлдмэл түрхэхийг зөвлөдөг. Гэтэл үсний уналтыг бүрэн зогсоохын тулд гаднаас нь мянган сайхан юм түрхээд нэмэргүй аж. Адаглаад л хуйхаа сайн цэвэрлэж хэвшихээс эхлээд тархи, нуруу нугасны цусан хангамжаа сайжруулах, зах хязгаарын нарийн судасны эргэлтийг хурдасгах хөл, гарын массажийг халгайн эмчилгээтэй хослуулбал илүү үр дүнтэй гэдгийг мэдэж авав. Түүнчлэн халгайн хандаар зөвхөн үсээ шавшаад зогсохгүй, нимбэгтэй хольж уух нь бие организмаа дотроосоо давхар цэвэрлэж байгаа хэрэг юм байна. Ингээд “зөвхөн үсээ л халгайн хандаар шүршээд байвал хурдан ургадаг” гэсэн ойлголттой байсан би эрүүл мэнд, гоо сайхандаа хэрэгтэй олон талын мэдлэг хуримтлуулав.
Хамгийн гол нь халгайн эмчилгээнд яваад тав дахь өдрөөс эхлэн үр дүнг нь мэдэрсэн юм. Өнөөх энд тэндгүй унаад байдаг үс маань мэдэгдэхүйц цөөрөв. Угаахад хүртэл ванны өрөөнд туг тугаараа хэвтэж байдаг нь багасаж, “Халгай үнэхээр нөлөөлж байна шүү” гэсэн итгэл төрлөө. Арав хоногийн курс эмчилгээгээ дуусгаад оношилгооны аппаратаар нь үзүүлтэл удаан хугацаанд ямар ч үсгүй, нүцгэн тал шиг цайрч байсан хуйханд минь эмзэг, турьхан, шинэ “үндэснүүд” сөрвийтөл соёолсон байхыг хараад өөрийн эрхгүй баярлав. Одоо би “Eco Beauty” салоноос суралцсан мэдлэг, туршлагаа ашиглан оройд гэртээ халгайн хандаар үсээ шавшин, өнөөх шинэ “үндэснүүдээ” тордон ургуулж байгаа.
Л.АРГАМЖИН