Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн офицер, ахмад Ж.Эрдэнэчимэгт холбогдох хэргийг өчигдөр давж заалдах шатны IX шүүхэд хэлэлцлээ. Шүүгдэгч Ж.Эрдэнэчимэг 2011 онд иргэн Ө.Золзаяагаас “Дүүд чинь холбогдох хэргийг нааштай шийдвэрлүүлж өгнө” хэмээн хоёр сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон. Прокурорын байгууллага уг хэрэгт бусдын эд хөрөнгө залилсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Ж.Эрдэнэчимэгийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэм буруутайд тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн бол бусдад хахууль өгсөн, худал мэдүүлэг өгсөн хэрэгт холбогдсон Н.Золзаяаг цагаатгасан юм. Давж заалдах шатны шүүх уг хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.