Өнөөдөр өглөө Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн асуудлаарх анхны хэлэлцүүлгийг хийх байсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас завсарлага аваад байсан АН-ын бүлэг завсарлагаа цуцалснаар тус Байнгын хороо 14.00 цагаас хуралдлаа. Хэлэлцүүлгийн үеэр МАН-ын бүлгийн зарим гишүүний гаргасан Соёл, спорт аялал жуулчлалын яамыг татан буулгаж, эрхлэх асуудлыг нь Эрүүл мэнд, Боловсрол, Байгаль орчны яаманд шилжүүлэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Батцогт, Д.Эрдэнэбат нарын гаргасан Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгаа хүнд үйлдвэрлэлийн салбарын асуудлыг Уул уурхай, Эрчим хүчний яаманд хариуцуулах, Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдаж байгаа чөлөөт бүсийн асуудлыг Ерөнхий сайдын мэдэлд шилжүүлэх зэрэг санал олонхийн дэмжлэг хүлээсэн юм. Зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж хуралдаан өндөрлөсөн тул нэгдсэн хуралдаан зарлаад байна.