Нийслэлийн ЗДТГ, олон улсын Бүгд найрамдахчуудын хүрээлэнтэй хамтран Авлигатай тэмцэх газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “Нээлттэй Улаанбаатар” авлигын эсрэг олон улсын форумын хүрээнд өнөөдөр нийслэлийн Засаг дарга, Стэнфордын их сургуулийн профессор Ларри Даймонд нар уг үйл ажиллагааны үр дүнгийн талаар мэдээллээ. “Бид авлигатай тэмцэх ажил эхлүүлсэн ч туршлага дутаж байна. Олон улсын чадварлаг мэргэжилтнүүд, эрдэмтэд ирж, бидэнд чухал заавар, зөвлөгөө хэлсэн учир энэ үйл ажиллагаа үр дүнтэй боллоо. Энэ үеэр гарсан санал санаачилга, олон улсын мэргэжилтнүүдийн заавар, зөвлөгөөг тусгасан Авлигын эсрэг Улаанбаатарын тунхаглал гаргана. Энэ тунхагийг Бүгд найрамдахчуудын хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлнэ” гэв. “Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд 25 жилийн ойтой золгожээ. Сайн засаглал, ил тод байдал ардчилалд чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Тухайлбал, улс төртэй холбоотой санхүүжилтийг ил болгох хэрэгтэй. Улстөрчид далд хэлбэрээр санхүүжилт авах явдлыг таслан зогсоох хэрэгтэй. Хэлэлцүүлгийн үеэр хотын захиргааны түвшинд авлигын эсрэг юу санаачилж, түүнийгээ хэрхэн хэрэгжүүлж байгааг нь сонслоо. Авлигатай тэмцэх хүсэл зорилго байгаа нь харагдаж байна. Хүсэл зорилго байна гэдэг хамгийн чухал” гэж профессор Ларри Даймонд хэллээ.