Монголын оюутны холбооны ээлжит 13 дугаар чуулган аравдугаар сарын 4-ний өдөр Дархан Уул аймагт болсон байна. Гэвч энэ хурал 40 гаруй цагдаа цэргийнхнээр хамгаалуулсан, гаднаас хүн нэвтрүүлэхгүйгээр зогсохгүй микротой хамгаалагч нар гадна талд нь байрласан хэмээн “Монгол залуу хүн” ТББ-ын хэсэг залуус өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээллээ. Тэдний хэлж буйгаар оюутны холбоо улстөржсөн, оюутнуудынхаа төлөө дорвитой ажил хийхгүй байгаа гэж үзэж байв. Мөн тэд энэ хурлыг хуйвалдаантай болсон гэв.
“Жилээс жилд оюутны төлбөр нэмэгдсэн ч сургалтын чанар дээшлээгүй. МУИС-ийн оюутнууд сая жагслаа. Гэтэл үүн дээр оюутны холбоо юу ч дуугаралгүй гар хумхин суусан. Оюутны холбоонд оюутны амьдрал мэдэхгүй хүмүүс байна” зэрэг зүйлийг Холбооны удирдлагад нэрээ дэвшүүлсэн ч хуйвалдаанаар хасагдсан гэх А. Отгонбаатар ярьж байлаа. Тэрээр мөн энэ үеэр “ Чуулганаас намайг яг л Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр шиг өргөөд гаргачихсан” гэв.
Мөн оюутны дотуур байр хангалттай байгаа гэсэн мэдээллийг үгүйсгэж оюутны байр хүрэлцэхгүй байгаа оюутны дотуур байруудад холбооны гишүүдийн гэр бүлийнхэн амьдарч байна гэсэн юм. Тэрээр мөн 6500 төгрөгийн үнэтэй оюутны картыг үнэгүй хэвлэх боломжтой талаар энэ үеэр ярьлаа. Мөн оюутнууд төгсөж гараад ажлын байртай болох тал дээр олон ажил хийж болохыг онцлов.
М.Болор