Англи, Швейцарийн хувь нийлүүлсэн, уул уурхайн компани “Glencore” өнгөрсөн долдугаар сард гол өрсөлдөгч болох “Рио Тинто” компанийг худалдаж авах хүсэлт гаргасан гэнэ. Энэ тухай анх удаа албан ёсоор өчигдөр мэдээлсэн “Рио Тинто”-гийнхон “Хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхолд нийцээгүй тул саналаас татгалзсан” гэжээ. Уг мэдээллээс үүдэн “Рио Тинто”- гийн хувьцааны ханш өсөөд байна. Хэрэв саналыг хүлээж авсан бол энэ нэгдэл уул уурхайн салбар дахь дэлхийн хамгийн том компани болох байсан юм. “Рио Тинто”-гийнхон “Glencore”- той одоогоор ямар нэг гэрээ хэлэлцээ, тохиролцооны талаар ярилцаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.
Мөн өнгөрсөн наймдугаар сард ашиг орлого нь нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 21 хувиар илүү буюу энэ оны эхний зургаан сарын байдлаар 5.1 тэрбум ам.долларын ашигтай ажилласнаа дуулгажээ. Харин “Glencore”-ийн хувьд дутахааргүй амжилттай ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн жил Швейцарийн уул уурхайн хамгийн том компанийн нэг “Xstrata”-г худалдаж авсан байна.
Г.ЛХАГВА