Улсын гуравдугаар төв эмнэлгийн хашаан дотор 270 ам метр, 15.4х14.5 хэмжээтэй, таван давхар, оффис, үйлчилгээний зориулалттай барилгыг өнгөрсөн сарын 8-наас эхлэн барих болсонд тус эмнэлгийн удирдлагууд нь эсэргүүцэж, өчигд өр хэвлэлийнхэнд хандлаа. Газрын албаныхан тус эмнэлгийн автомашины зогсоолын талбайг 2007 онд дуудлагаар худалдаж, энэ газар дээр 119 айлын орон сууц барьсан аж. Түүнээс хойш тус эмнэлгийнхэн болон түүгээр үйлчлүүлэгчид машины зогсоолгүй өдийг хүрчээ. Иймд Гуравдугаар эмнэлгийн эмч, ажилтнууд үе үеийн хотын дарга нарт хүсэлт тавьж, өөрийн байрныхаа өмнөх талбайг авто зогсоол болгохоор зорьж иржээ. Э.Бат-Үүл дарга, Н.Удвал сайд нар нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, өөр хүний эзэмшилд байсан уг эмнэлгийн өмнөх газрын зөвшөөрлийг 2012 онд хүчингүй болгожээ. Үүний дагуу эмч нар 2-3 давхар зогсоол бариулахаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт зураг төсл өө өгчихсөн байж.
Гэтэл иргэн Г.Цогхүү шүүхээр олонтаа явж, гурван удаагийн шүүхийн давж заалдах шатны шийдвэрээр газраа эргүүлэн авч, барилгын ажлаа ийн эхлүүлчихээд байгааг Гуравдугаар эмнэлгийн эмч нар хууль бус гэж үзэж байна. Биднийг очиход тус эмнэлгийн өмнө машин тавих зогсоол олдоогүй. Арга буюу эмнэлгийн ард Яаралтай тусламжийн төвийн зогсоолд машинаа байрлуулсан юм. Тус эмнэлгийн амбулаториор жилд 200-300 мянган хүн, 15-16 мянган өвчтөн хэвтэн эмчлүүлдэг. Мэдрэл, зүрхний мэс засал хийдэг нарийн мэргэжлийн ганцхан эмнэлэг энд төвлөрдөг. “Нийслэлд оффис, үйлчилгээний барилга хомсдсон биш. Очиж очиж гуравдугаар шатлалын нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийн хашаан дотор зам, талбайг нь хааж, барилга барих болсон нь ямар учиртай юм бэ. Газрын зөвшөөрлийг нь хүчингүй болгочихоод байхад Г.Цогхүү ямар аргаар өөрийн болгосныг нь мэдэхгүй. Шүүх хуралд биднийг оролцуулаагүй. Энэ бүхэнд гайхаж байна. Бид эл газарт барилга бариулахыг зөвшөөрөөгүй, хүчингүй болгуулах хүсэлтээ өгчихөөд байхад барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосон байх юм. 200 хүний эрх ашиг уу, 200-300 мянган хүний эрүүл мэнд чухал юм уу. Шийдвэр гаргасан эрх мэдэлтнүүдийг улсын эмнэлгээр үйлчлүүлдэггүй байх гэж бодож байна. Зогсоолгүйгээс Яаралтай тусламжийн төвийн урд эмч, ажилтан, үйлчлүүлэгчид машинаа тавьснаас болоод түргэний машин орж, гарч чадахаа больсон” гэж Улсын гуравдугаар төв эмнэлгийн Стратеги, төлөвлөлт, гадаад харилцаа эрхэлсэн орлогч дарга Л.Баярцэцэг ярьсан юм.
Түүнээс гадна иргэн Г.Цогхүүгийн бариулж буй оффисын зориулалттай барилгын хажууханд иргэн Н.Цэрэнчимэд бас 240 ам метр, таван давхар үйлчилгээний барилга барихаар болсон тухайгаа тус эмнэлгийнхэнд мөн дуулгажээ. Барилгын ажлаа эхлүүлэх зөвшөөрлөө дөрвөн хоногийн өмнө гаргуулж, тэдэнд мэдэгдсэн байна. “Энэ байдлаараа улсын хэмжээнд нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг гурав дахь шатлалын эмнэлгийн орчимд гишгэх газаргүй болох нь” гэж тус эмнэлгийнхэн ярилаа.
О.БАТ-УНДРАХ