Шивээхүрэн дэх Гаалийн газрын ажилтнууд энэ сарын 6-ны өдөр зорчигч тээвэрлэн явсан 6363 УБЗ, 2020 ӨМА, 2482 ӨМА, 1892 ӨМӨ, 7273 ӨМӨ улсын дугаартай таван автомашинд эрсдэл тооцон, нарийвчилсан үзлэг шалгалт хийхэд эрүүгийн гэмт хэргийн шинжтэй нэг, захиргааны зөрчлийн шинжтэй дөрвөн хэрэг илэрчээ. Урьдаас төлөвлөсөн, зохион байгуулалттай, гаалийн хяналт шалгалтад өртүүлэхгүй байх зорилгоор тээврийн хэрэгслийг зориудаар нэмж тоноглосон байсан гэнэ. 2020 ӨМА тээврийн хэрэгслийн жолооч Т нь 40 кг байгалийн үнэт улаан чулууг түлхүүр багажны саван дотор нуусан, 2482 ӨМА-гийн жолооч Г нь байгалийн үнэт 10 кг улаан хас чулууг тос маслын сав, оймс зэрэгт савлаж нуусан, 1892 ӨМӨ дугаартай машины жолооч П байгалийн үнэт 10 кг чулууг тос маслын саванд нуусан, 7273 ӨМӨ тээврийн хэрэгслийн жолооч Нбайгалийн үнэт 50 кг улаан чулууг суудал дороо нууж, Монгол Улсын хил давуулахыг завджээ. Гаальчид эдгээр 110 кг чулууг хураан, улсын орлого болголоо.
Мөн Монгол Улсын иргэн М нь өөрийн эзэмшлийн 6363 УБЗ улсын дугаартай “Фургон”-ыг давхар шаллан нуувч хөндий гаргаж, суудлын түшлэгээ эд зүйл нуух зориулалтаар тоноглон, тээврийн хэрэгслийн ханын доторлогооны цаана нуух зэргээр байгалийн үнэт 420 кг улаан хас чулууг Хятад руу гаргахаар оролдоод баригдав. Эдгээр хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.