Жижиг, дунд үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн зургадугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журам”-ыг баталсан. Уг журамд зааснаар жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамжуулан жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилт олгох, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжин хөнгөлөлттэй зээл олгох, батлан даалтын үйлчилгээг нэвтрүүлэх юм. Энэ дагуу хөнгөлөлттэй зээлийг иргэдэд олгох ажлыг хамтран зохион байгуулах зорилгоор арилжааны банкуудад хүсэлт тавьжээ. Хүсэлтийн дагуу арилжааны таван банкнаас санал ирснийг хэлэлцэн “Капитал” банктай хамтран ажиллахаар болжээ. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дарга Т.Бат-Эрдэнэ, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Б.Одгэрэл, “Капитал” банкны гүйцэтгэх захирал А.Ариунболд нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ “Нийслэл анх удаа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, иргэдийнхээ үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орлогыг нь нэмэгдүүлэх зорилгоор зээл олгох гэж байна. Ингэхдээ хамгийн хөнгөлөлттэй буюу жилийн таван хувийн хүүтэй бөгөөд Батлан даалтын сантай хамтран олгоно. Жил бүр нэг салбарыг онцолж зээл олгох бөгөөд энэ жил мал аж ахуйн чиглэлээр бизнес эрхэлдэг иргэдийг дэмжинэ. Энэ нь нийслэлийн иргэдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг малын гаралтай бүтээгдэхүүнээр хангах зорилттой уялдаж байгаа” гэдгийг онцлон хэллээ. Хөнгөлөлттэй зээлээр тус салбарыг дэмжихээс гадна ажлын байр бий болгох олон давуу талтай гэдгийг онцлов. Р.Оюун