Ой хээрийн түймрийн байдлыг энэ оны эхний есдүгээр сарын дүн мэдээгээр авч үзэн, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ой хээрийн түймрийн тоо 17 хувиар, шатсан талбай 30 хувиар буурсан байна.
БОНХЯ-ны Шуурхай мэдээлэл, зохицуулалтын алба нь ой хээрийн түймрийн эрсдэлтэй хавар, намрын улиралд Цаг уур орчны шинжилгээний газрын “Зайнаас тандан судлах хэлтэс”-тэй хамтран сансрын хиймэл дагуулаар түймрийн байршлыг илрүүлэн ОБЕГ-т мэдэгдэн, шуурхай унтраах арга хэмжээ авч байгаа аж. Ой хээрийн түймэр ихэвчлэн иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэн гарч байгаа юм. Тухайлбал, тамхины ишээ унтраалгүй хаях, отог байгуулсан галаа бүрэн унтраалгүй үнс нурмаа ил задгай орхих, машин болон мотоциклын яндангаас оч хаяж түймэр гарсан үйлдлүүд тогтоогдсон байна.
Иймд ой хээрийн бүсэд зорчиж яваа хүн, тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийх, сануулга зааварчилгаа өгөх ажлыг тогтмолжуулах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх ажил явагдаж байна.
М.Болор