Мазаалай баавгай нэн ховор, устах аюулд орсон амьтны тоонд ордог билээ. Монголын говьд цөөхөн үлдсэн мазаалай баавгайн судалгааны ажлыг АНУ-ын иргэн, доктор Харри Рейнлдс 10 гаруй жилийн хугацаанд монголын судлаачидтай хамтран хийж байна. Тэрээр 2004 онд Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас зохион байгуулсан Мазаалай баавгайн олон улсын хуралд анх оролцож эхэлснээс хойш, Олон улсын Баавгай судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгч, зөвхөн Монголын мазаалай баавгай хамгаалахад гол анхаарлаа хандуулан ажиллаж ирсэн байна.
Түүний мазаалай баавгайг хамгаалахад хийсэн ажил, хөдөлмөрийг үнэлэн “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа. Шагналыг БОНХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга, доктор Ж.Батболд Грек улсын Тессалоники хотод зохион байгуулагдаж буй “Олон улсын баавгай судлал, менежментийн нийгэмлэгийн 23 дугаар хурал”-д оролцох үеэрээ цол тэмдэгийг гардуулан өгч, түүний мазаалай баавгай хамгаалалд олон жил ажилласанд талархал илэрхийлсэн юм. Харри Рейнолдс нь сүүлийн 40 гаруй жил баавгайн судалгааны ажлыг хийсэн туршлагатай бөгөөд Монголын мазаалай баавгайг хамгаалахад жил бүр хоёр удаагийн хээрийн судалгааны ажлыг тогтмол зохиож, мазаалай баавгайн биологи, экологи болон генетикийн судалгааны ажлуудыг цогцоор нь судалахаас гадна үндэсний судлаачдын чадавхийг дээшлүүлэх, мазаалай баавгайн хамгааллын ач холбогдол, түүний үнэ цэнийг дэлхийд таниулах зэрэгт ихээхэн анхаарал хандуулсаар иржээ.
М.Болорцэцэг