Монголын ардчилсан холбоогоо байгуулагдаж, ардчилсан хувьсгалаа зарлан тунхаглаж ардчилал, зах зээлийн нийгэмд шилжих алхмаа хийгээд 25 жил болж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг, М.Зоригт нар Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн талаар авах зарим арга хэмжээний тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Тухайн үед 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалыг манлайлан оролцсон анхны зүтгэлтнүүдийн нийгмийн асуудлыг зайлшгүй шийдвэрлэх нь хөгжлийн шаардлагаар гараад байгааг Х.Баттулга гишүүн онцлоод Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн нэг дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.3 дахь заалтыг үндэслэн “Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг төслийг боловсруулснаа танилцуулсан юм. Удахгүй ажлын хэсэг гарах бөгөөд энэ ажлыг төсөвт ямар нэгэн хүндрэл учруулахгүйгээр хийх талаар судлах юм байна.