Монголын оюутны холбооны (МОХ) ээлжит 13 дугаар чуулган аравдугаар сарын 4,5-ны өдрүүдэд Дархан Уул аймагт боллоо. Чуулганд МОХ-ны их, дээд сургуулийн оюутны холбоо, зөвлөлийн гишүүд, орон нутгийн оюутны байгууллагын төлөөлөгчид оролцсон бөгөөд нийт төлөөлөгчдийн 90,6 хувь нь чуулганд оролцжээ. Холбооны гишүүд чуулган анх удаа орон нутагт болсныг онцолж байлаа. Төлөөлөгчдийн олонхийн саналаар МОХ-ны ерөнхийлөгчөөр Д.Батбаяр, дэд ерөнхийлөгчөөр Д.Батчулуун, Н.Санчирбаатар нар сонгогдсон байна.
Өчигдөр оюутны холбооны удирдах зөвлөлд нэр дэвшсэн, “Монгол Залуу хүн” ТББ-ын тэргүүн А.Отгонбаатар чуулганыг будлиантай болсон хэмээн олон нийтэд хандсан. Харин МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяр “Ямар ч будлиантай зүйл болоогүй, ардчилсан зарчимаар олонхийн саналыг үндэслэн, нээлттэй сонголт хийсэн. Чуулганд бүх оюутны төлөөллүүд оролцсон” хэмээн ярилаа.
МОХ-ны шинэ удирдлагууд энэ үеэр оюутан бүрт хүрч ажиллан, оюутан суралцагчдийн суралцах, амьдрах таатай орчинг бүрдүүлэх талаар бүхий л хүчээ дайчлан ажиллахаа хэлж байлаа.
МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяр “Оюутнуудыг зөв хүн, шилдэг боловсон хүчин болон төлөвшиж, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа нэр төртэйгээр биелүүлэхэд чиглэсэн хүмүүжил, төлөвшлийн олон талт ажлыг зохиох замаар оюутнуудын нэр хүндийг олон нийтийн дунд дээшлүүлж, буруу ойлголтыг залруулж ажиллах болно” гэлээ.
М.Болорцэцэг