“Гудамж” төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын арын уулзварыг шинэчлэн сайжруулаад өнөөдөр албан ёсоор нээлээ. Уг ажлын гүйцэтгэгчээр “Алтан малыш”, зөвлөх компаниар Японы “Си Ти Ай инженеринг” компани ажиллаж, зураг төслийг нь “Мөнхийн тод зам” компани боловсруулжээ. Өнгөрсөн онд Чингисийн өргөн чөлөөний 3.2 км замыг өргөтгөн шинэчлэхэд энэ хэсгийн 1.2 км зам хуучнаараа үлдсэн. Уг 1.2 км замыг засахдаа гурван замын нэг, дөрвөн замын мөн нэг уулзварыг засаж, сайжруулсан юм. Уг ажилд нийт 1.8 тэрбум төгрөг зарцуулсан байна. “Гудамж” төслийн захирал Б.Батболд “Хан-Уул түгжрэл багатай дүүргүүдийн нэг болж байна. Хоёр эгнээтэй хуучин замыг бүгдийг нь өргөтгөснөөс гадна “Гудамж” төслийн 33 уулзварын нэг болгон, уг уулзварыг өргөтгөлөө” гэлээ.