Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources”, “Rio Tinto” компаниудад Монгол Улсын хуулийн дагуу татвар төлж барагдуулаагүй гэсэн үндэслэлээр 130 сая ам.долларын төлбөрийн акт тавьсан гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар хийж, Татварын ерөнхий газраас холбогдох материалуудыг шаардсан. Энэ асуудлын хүрээнд Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай өнөөдөр хэвлэлийнхэнд тайлбар өглөө. “Оюутолгой” компаниас Татварын улсын байцаагчийн актыг үл зөвшөөрч гаргасан гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн өнгөрсөн сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж тогтоол гаргасныг Татварын ерөнхий газрын даргын тушаалаар баталгаажуулсан. Энэ тухай мэдээллийг түүнд хүргүүлжээ. Харин С.Ганбаатар гишүүний хүсэлтэд дурдсан баримтыг хуульд заасанчлан татвар төлөгчийн зөвхөн бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн хуулиар хориглоогүй мэдээ, баримтуудыг Татварын ерөнхий газар танилцуулах ёстой гэнэ. “Татварын ерөнхий газар хуулийн хүрээнд ажиллаж байгаа. Хэрэв хүсэлтэд дурдагдсан баримтыг гаргаж өгвөл Татварын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Засгийн газрын Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журам зэргийг зөрчих болно. Манай байгууллага татвар төлөгчийн нууцыг хадгалах. “Хэрэв С.Ганбаатар гишүүн манай байгууллагын хариу мэдээлэл болоод үйл ажиллагаанд гомдолтой байгаа бол шүүхэд хандаж болно” хэмээн Т.Батмагнай ярьсан юм. Түүнчлэн “Оюутолгой” компанид ногдуулсан татварын талаар тэрбээр мэдээлэл хийхдээ “Тус компани татварын улсын байцаагчид хангалттай материал гаргаж өгөөгүй тул манай байцаагч хуульд заасан эрхийнхээ дагуу байсан баримтад тулгуурлан 130 сая ам.долларын акт тавьсан. Харин “Оюутолгой” үүнийг эсэргүүцэж, Маргаан таслах зөвлөлд хандсан бөгөөд баримтуудаа авчирсан. Улмаар 100 сая ам.долларын акт нотлогдоогүй. Харин 30 сая ам.долларынх нь нотлогдсон. Харин татвараас чөлөөлсөн асуудал огт байхгүй. Маргаан таслах зөвлөл бол татвараас чөлөөлдөг байгууллага биш” гэлээ.