Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хотын хөгжлийг дэмжих “Шинэ тосгон” холбоо, “Бид судлаач” төрийн бус байгууллагатай хамтран нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хог хаягдлыг хэрхэн ачиж, тээвэрлэж буйд хяналт тавьж байгаа аж. Уг хяналтын дүнд Сүхбаатар дүүрэгт байсан хогийн 19 цэгийг устгасан байна. Энэ нь тус дүүргийн VI хорооны Засаг дарга, эко ажилтан, хогны байцаагч, СӨХ уялдаатай ажилласны үр дүн аж. Үүнээс гадна тус дүүргийнхэн хогоо хуваарийн дагуу тогтмол ачуулдаг болсон байна. “Сүхбаатар дэвшил” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газар гэхэд “Иргэдээ эрүүл цэвэр орчинд амьдарцгаая” гэсэн уриалга бүхий мэдээллийн самбарыг орон сууцны хороолол дунд байрлуулж, өдөр бүр 09.00-09.30, 17.00-17.30 цагт хогоо ачуулж байхыг иргэдэд сануулсан байна.