УИХ-ын гишүүн, Монголын баг, сумдын үндэсний холбооны ерөнхийлөгч Г.Батхүү БНСУ-ын хөдөлмөрийн баатар, “Шинэ тосгон” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, хүлэмжийн аж ахуйг үүсгэн бий болгосон Ха Са Юныг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав. Ноён Ха Са Юн нь ядуу тарчиг амьдралаас дэлхийн тэрбумтнуудын жагсаалд бичигдэж чадсан хөдөлмөрч нэгэн аж. УИХ-ын гишүүн Г.Батхүү Ха Са Юныг Монгол Улсад цаг зав гарган хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Монгол, Солонгосын эдийн засгийн форумыг байгуулан амжилттай ажиллаж байгааг бөгөөд форумаар дамжуулан Солонгосын шинэ технологийг нэвтрүүлэх зорилготой байгааг хэлжээ. Үүнд Ха Са Юны амжилтанд хүрсэн туршлага ч хамаатай бөгөөд түүнийг түгээх ажлыг төр засгийн зүгээс дэмжиж ажиллах боломжтойг хэлэв. Ха Са Юн ирэх жил ногоо тариалах үеэр Монголд ирж тариаланчдад өөрийн заавар зөвлөмжийг өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, энэ үеэр хамтарч ажиллах санал тавьсан юм. Тэрбээр өнөөдөр Баруунхараа сумын иргэдтэй уулзаж, газар тариалан эрхлэгч айлын ногооны талбайд зочлох юм байна.