Аутизмын эмгэгтэй хүүгийн эцэг эхийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан “Анд хүүхдүүд” төрийн бус байгууллагын урилгаар БНСУ-ын Сөүл хотын “Ёнсей северанс” эмнэлгийн Хүүхдийн сэтгэцийн тасгийн эрхлэгч доктор Сон Дон Хо тэргүүтэй эмч, мэргэжилтнүүд Улаанбаатарт ирж, энэ төрлийн эмгэгтэй байж болзошгүй хүүхдүүдийг оношилж байна. Манайд аутизмын эмгэгийг бүрэн гүйцэд оношилж, үнэлгээ хийх мэргэжилтэн хараахан үгүй бөгөөд ийм эмгэгтэй байж болзошгүй хүүхдүүд гадаадад очиж оношлуулах шаардлагатай болдог аж. Сүүлийн жилүүдэд аутизмтай хүүхэд дэлхий даяар хурдтай нэмэгдэж байгаа аж. Зөвхөн АНУ-ын Аутизмын нийгэмлэгийн судалгаагаар 68 хүүхэд тутмын нэг нь ийм эмгэгтэй байх магадлалтай гэсэн дүгнэлт гарчээ. Энэ эмгэг нь хөвгүүдэд охидоос дөрөв дахин их тохиолддог аж.“Анд хүүхдүүд” төрийн бус байгууллага 2012 онд байгуулагдсан бөгөөд аутизмтай хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдэд туслах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг юм байна. Хамгийн сүүлд энэ байгууллага дэргэдээ аутизмтай хүүхдүүдэд зориулсан сургалтын төв, цэцэрлэг байгуулж, ХБНГУ-ын Аутизмын холбооноос сэтгэлзүйч багш урин ажиллуулж байгаа гэнэ.