Монголын залуучуудын холбооноос жил бүр “Залуу хүн” цуврал лекц зохион байгуулдаг. Амжилтад хүрсэн залуусын амжилт ололтоос суралцах боломж олгох зорилготой уг үйл ажиллагааг зургаа дах жилдээ зохион байгуулах болжээ. Өнгөрсөн жил зохион байгуулсан цуврал лекцэнд “Эзэнт гүрний туульс” номын зохиогч С.Эрдэнэболд, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, “Вагнер Ази автомотив” компанийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн, СТА жүжигчин Б.Навчаа, “Катя Зол” брэндээрээ олонд танигдсан загвар зохион бүтээгч Г.Золцэцэг нар оролцож, сонирхолтой сэдвээр нээлттэй ярилцлага өрнүүлж байсан юм.
Уг лекцийг зөвхөн хавар зохион байгуулдаг байсан бол залуусын хүсэлтээр энэ жилээс хавар, намар буюу жилд хоёр удаа явуулах болжээ. Үүнээс гадна энэ удаа цахимаар санал асуулга явуулж, оролцогчдыг тодруулах аж. Залуус амжилтын тухай хэнтэй ярилцмаар байгаагаа https://www.facebook.com/events/1476346985965903/?fref=ts гэсэн хаягаар ирүүлэх бөгөөд хамгийн олон санал авсан хүн цувралаар лекц унших юм байна.