БНХАУ-ын Мансууруулах бодист хяналт тавих үндэсний комиссын нарийн бичгийн дарга бөгөөд НАХЯ-ны Мансууруулах бодист хяналт тавих товчооны ерөнхий захирал Лию Юэжин, тус улсын НАХЯ-ны Мансууруулах бодист хяналт тавих товчооны дарга Юу Хайбин, ӨМӨЗО-ы Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн Мансууруулах бодист хяналт тавих Юу Хай тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчиллаа.Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус хэрэглээ, эргэлт нь олон улс үндэстэн дамжин тархаж, хөрш зэргэлдээ улсууд төдийгүй дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Гадаадад энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон манай 71 иргэний 46 нь БНХАУ-д шалгагджээ. Ийм цаг үед манай цагдаагийн байгууллага, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийнхэн хөрш орнуудынхаа ижил төрлийн байгууллагатай уулзаж, мэдээлэл солилцон, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлж буй нь сайн хэрэг. ЦЕГ, ЗБГХТГ-аас хөрш хоёр улс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг улам эрчимжүүлэх, харилцан туршлага солилцох, ажилтнуудаа сургаж дадлагажуулах, мэдээ, мэдээлэл солилцох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болжээ. БНХАУ-ын төлөөлөгчдийн айлчлалаас өмнө манай ЗБГХТГ-ын ажилтнууд ОХУ-ын Алтайн хязгаарын Белокуриха хотод “Мансууруулах бодисын хууль бус эргэлтийн эсрэг хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хууль сахиулах байгууллагуудын уулзалт зөвлөгөөн”-д оролцож, хамтран ажиллахаар болжээ.