Ирэх оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлэг маргааш болно. Засгийн газраас өргөн барьсан 2015 оны төсвийн төсөл зарим хууль зөрчсөн бөгөөд Засгийн газрын бүтэц өөрчлөгдөж байгаа уг төслийг эргүүлэн татаж, шинэ бүтэц бүрэлдэхүүндээ нийцсэн төсөл дахин оруулж ирэх ёстой хэмээн МАН-ын бүлэг үзэж байгаа аж. Тус намын бүлэг төсвийн төсөл хэлэлцэх гэж буйтай холбогдуулан МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхоролоор ахлуулсан 10 гишүүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулжээ.
“Ч.Улааны төсөвт хийх реформ нь тоон дээр хийсэн тоглолт”
2015 оны төсвийг хэлэлцэхэд УИХ-аас Засгийн газарт тодорхой чиглэлүүдийг өгсөн. Энэ дагуу УИХ-ын 30 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгаж үзэх ёстойг Д.Оюунхорол хэлсэн. Түүнчлэн “Сангийн сайд Ч.Улаан ирэх оны төсөвт реформ хийнэ гэж мэдэгдэж, цалин тэтгэврийг 2.5 дахин нэмэгдүүлэхэд 500 тэрбум төгрөг суулгасан гэсэн. Гэтэл энэ мөнгөөр цалин тэтгэврийг энэ хэмжээгээр нэмэх ямар ч боломжгүй. Энэ мэтээр тоон дээр тоглож ард иргэдээ тохуурхдаг сэтгэхүйгээ зогсоох шаардлагатай. Ирэх оны төсөвт ам.долларыг 1750 төгрөгөөр тооцсон. Энэ жилийн төсөвт 1340 ам.доллараар тооцсоноос болж баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчид, ард иргэд асар их хохирол амссан. Тухайлбал, Ч.Улаан сайд УИХ-аар хэлэлцүүлэлгүйгээр аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтын мөнгийг танаж, өгөлгүй зогсоосноос төсөл хэрэгжүүлсэн компаниуд банкны өрөнд унаж, төр, хувийн хэвшлийн хоорондын итгэлцлийг алдагдуулж байна. Тиймээс ам.долларын ханшийг бодит тоотой уялдуулж тооцохыг бид шаардаж байгаагаас гадна ирэх оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтыг хэмжээг бууруулахаар заасныг бид дэмжихгүй гэж байгаа. Мөн "ЭЗЭН-100" хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ төсөвтэй холбоотой үүргээ Засгийн газар хэрхэн биелүүлсэн болон орлого зарлагатай холбоотой мэдээллийг авна" хэмээн тэрбээр мэдэгдсэн.
“Иргэдийн хэзээ ч босохооргүй өрөнд оруулахгүй тулд бид эсэргүүцнэ”
2015 оны төсвийн хүрээний мэдэгдэлд Монгол Улсын өрийн босгыг 70 хувь болгоно хэмээн заажээ. Одоогийн хүчин төгөлдөр хуулиар бол Монгол Улсын өр ДНБ-ний 45 хүртэл хувийг эзлэхээр тусгасан бөгөөд үүнээс хэтэрвэл үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө хэмээн үзсэн. Гэтэл үүнийг 70 хувь болгон нэмэх нь ард иргэдийн нуруун дээр ачаа болж үлдэх их хэмжээний өр тавих нөхцөлийг бүрдүүлэх юм. Түүнчлэн төсвийн алдагдал хоёр хувь байдгийг долоон хувь болон нэмэгдүүлэхээр тусгажээ. Ингэж өөрчлөхийн тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Гэвч энэ хуулийг УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын саналаар өөрчлөх хуультай. “АН олон зүйл дээр хүч түрэн шийдвэр гаргадаг. Гэвч хүч түрээд ч шийдэх боломжгүй зүйлийн нэг нь энэ хууль юм. Тиймээс МАН-ын бүлэг энэ өөрчлөлтийг хатуу эсэргүүцэж, иргэдээ дааж давшгүй өрөнд орохоос сэргийлнэ” хэмээн Д.Оюунхорол гишүүн мэдэгдэв. Энэ бүхэнтэй холбоотойгоор 2015 оны төсвийн төслийг хэлэлцэхээс өмнө 2014 оны төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэж, алдаагаа засах шаардлагатай хэмээн тус намын бүлэг үзэж байгаа аж.
Р.Оюун