Шинжлэх ухааны Академийн (ШУА) Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, ОХУ-ын Буриадын Улсын Их Сургуулийн ректор, ОХУ-ын Боловсролын Академийн жинхэнэ гишүүн С.В.Калмыков нар харилцан тохиролцож, хоёр орны шинжлэх ухаан, судалгаа шинжилгээ болон боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны хэлэлцээрийг өнөөдөр хийлээ.
Хэлэлцээр таван жилийн хугацаатай бөгөөд энэ хугацаанд талууд эрдэмтэн багш харилцан солилцох, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний цуврал ном гаргах хүрээнд хамтран ажиллахаар болсон юм. Мөн шинжлэх ухааны ололт, инновацийн салбарт харилцан туршлага солилцох, шинжлэх ухааны докторын зэрэг (Sc.D) хамгаалах хамтарсан Зөвлөл байгуулан ажиллахаар боллоо.
М.Болор