УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдааны эхэнд Олон улсын валютын сан(ОУВС)-гийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх тухай суудлыг хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улааны хийсэн танилцуулгыг сонссон юм. ОУВС байгууллагынхаа засаглалыг сайжруулах, хөгжиж буй орнуудын төлөөлөл, дуу хоолойг нэмэгдүүлэх зорилгоор засаглалын квотын багц шинэчлэл хийхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн бүтцийг шинэчлэх бөгөөд ингэхдээ захирлуудын зөвлөлийн хөгжингүй оронд хамаарах хоёр суудлыг хөгжиж буй оронд шилжүүлэх замаар бүх гишүүн орны оролцоотойгоор сонгодог тогтолцоонд шилжих, ОУВС-гийн квотын хэмжээг нэмэгдүүлэх юм байна. ОУВС-гийн 188 гишүүн улсыг төлөөлөн ажилладаг нэгж болох Захирлуудын зөвлөл нь 24 гишүүнээс бүрддэг бөгөөд таван гишүүнийг ОУВС-д хамгийн их квот эзэмшдэг АНУ, Япон, ХБНГУ, Франц, Англи улс томилж, үлдсэн 19 гишүүнийг бусад гишүүн орнууд сонгодог аж. Манай улсын хувьд БНСУ, Австрали, Шинэ Зеланд, Узбекистан зэрэг нийт 15 улстай хамт нэг тойрогт харьяалагддаг. Иймээс ОУВС-гийн шинэчлэлийн үр дүнд манай улс шийдвэр гаргах явцад өөрийн оролцоогоо нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзжээ. Квотын шинэчлэлийн үндсэн зорилго нь гишүүн орнуудын дэлхийн эдийн засагт эзлэх байр суурийг бодитоор харуулж, эдийн засгийн өөрчлөлтөд уян хатан байх тогтолцоог бий болгох, хөгжиж буй орнуудын дуу хоолойг нэмэгдүүлэхэд чиглэх аж. Энэ шинэчлэлээр квотыг тооцох томъёог илүү бодитой, ил тод болгох, нэмэгдүүлэх, хөгжиж буй болон нэн ядуу орнуудын ОУВС дахь дуу хоолойг нэмэгдүүлэх юм байна. Монгол Улс болон манай улстай ижил төстэй эдийн засагтай орнуудын хувьд квот нэмэгдсэнээр хямралын үед ОУВС-аас авах санхүүжилтийн хэмжээ нэмэгдэх, ОУВС-гийн бодлого илүү тэнцвэртэй, уян хатан болоход нөлөөлөх боломж бүрдэнэ. Хоёр том хөрштэй, далайд гарцгүй, хөгжиж буй манай улсын хувьд идэвхтэй гадаад бодлого баримталж, олон улсын санхүүгийн байгууллагуудаар дамжуулан дэлхийн эдийн засагт эзлэх байр сууриа бэхжүүлэх урт хугацааны зорилтыг хэрэгжүүлэх боломжтой болно гэдгийг Сангийн сайд онцлов. Сайдын танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж тодруулсны дараа Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөшөөрөхийг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжив.