АПУ компанийн бараа, бүтээгдэхүүний борлуулагч Б.Алтанхуяг өнгөрсөн есдүгээр сарын 15-нд гэрээт дэлгүүрүүддээ архи, шар айргаа хүргэж яваад сураггүй болсон нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуулиан тарьж, олны анхаарлыг татсан. Улс орон даяар эрэн сурвалжилсны дүнд, сураггүй болсноос нь хойш 15 хоногийн дараа Налайх дүүргийн нутаг, Жадамбын уурхайн ард байсан нүүрсний хуучин амнаас (15 м-ийн гүнээс) Б.Алтанхуягийн цогцсыг иргэдийн мэдээллээр олсон билээ. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр гаднын нөлөөтэй, боомилуулж амиа алдсан нь тогтоогдсон юм. Хохирогч алга болохоосоо өмнө багагүй хэмжээний бэлэн мөнгөтэй, нэлээд бараатай (архи, шар айраг машиндаа ачиж) явсан байдаг. Тиймээс НЦГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Налайх дүүгийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хохирогчийн унаж явсан “Хьюндай Грейс” маркийн микроавтобусыг өнгөрсөн пүрэв гаригт Төв аймгийн нутаг, Дивизийн орон сууцны хороолол дундах зогсоолоос олсныг эх сурвалжууд бидэнд мэдээлсэн юм.
Хохирогч Б.Алтанхуяг Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг, Хонхорт үйл ажиллагаа явуулдаг “Хадагт мянган” дэлгүүрийн эзэн Г.Пүрэвсүрэнд хамгийн сүүлд бараагаа өгчээ. Тиймээс уг хэрэгт холбогдуулж өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Г.Пүрэвсүрэнг саатуулжээ. Тэрбээр анхны мэдүүлгээрээ “Гүтгэж, хилсээр хэрэг хүлээлгэх гэж байна” хэмээн уурлаж байсан гэнэ. Гэвч гэмт хэрэгтэн гишгэх газаргүй гэдэг болохоор хөдөлшгүй нотлох баримтуудыг цагдаагийнхан олж авсан тул Г.Пүрэвсүрэн шунахайн сэдэлтээр хүний амь бүрэлгэснээ хүлээсэн байна. Тэрбээр “Цогцсыг нүхэнд хаяад машиныг нь жолоодон явж Төв аймагт орон сууцнуудын дунд дугаарыг нь авч орхисон. Замын машинд сууж гэртээ ирсэн” хэмээн ярьсан гэнэ.
Харин гэмт хэрэг үйлдсэнээ “Хадагт мянган” дэлгүүрийн худалдагч эхнэртээ огт хэлээгүй аж. Түүгээр ч зогсохгүй талийгаачийг хайж байсан ар гэрийнхэнд нь болон цагдаагийнханд “Хар нүдний шилтэй танихгүй залуутай орж ирээд гарсан” гэж худлаа ярьж, эрэлчдийг төөрөгдүүлсэн нь гэмт хэргээ нуун далдлахын тулд хийсэн алхам байсан нь тодорхой болжээ. Цагдаагийнхан Г.Пүрэвсүрэнгийн гэр, дэлгүүрт нэгжлэг хийж, эд мөрийн баримт болох архинуудыг хашаанд нь байсан дүүгийнх нь нэр дээр бүртгэлтэй гараашт хураасан байсныг олж авсан байна. Өдгөө сэжигтэн Г.Пүрэвсүрэнг яллагдагчаар татан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид үргэлжлүүлэн хорьсон гэнэ. Энэ хугацаанд мөрдөн байцаагч нар гэмт этгээдийн талаарх багагүй мэдээллийг олж авчээ. Сэжигтэн Г.Пүрэвсүрэн нь Увс аймагт төрсөн, өмнө нь хулгай, танхайн хэргээр ял шийтгүүлж байсан нэгэн аж.