Нүүрсний салбарт гэгээ татуулах чимээ сураг огт алга. Товчхондоо мөнгө олохгүй нь гэсэн үг. “Эрдэнэс Тавантолгой”-г эс тооцвол Монголын бусад экспортлогч компани ашиггүй ажиллаж байгаа тухай энэ салбарынхан ярьж байна. Гэхдээ энэ компани ийм алдагдалтай, тэр нь тийм ашигтай гэсэн бодит баримт үгүй. Уул уурхайн яам энэ жил нүүрсний нийлүүлэлт өмнөх жил үүдийнхээс их байгаа гэсэн мэдээлэл өгч буй. Мэдээж үнэ унасан учраас бага орлого олох дамжиггүй. 2014 оны эхний хоёр сард нүүрснээс 45-хан сая ам.долларын орлого олж байв. Ерөнхийдөө компаниуд олборлолтоо бууруулж, өмнөх жилүүдэд нөөцөлсөн нүүрсээ борлуулах тактиктай ажиллаж байна. Манай цорын ганц худалдан авагч Хятадын зах зээлийн нөхцөлөөс харахад нүүрсний салбарынханд ээлээ өгөхгүй нь нэгэнт тодорхой байна. Хятадууд өнгөрсөн жил 75.4 сая тонн коксжих нүүрс импортолсон. Энэ нь түүхэндээ хамгийн их нүүрс импортолсон үзүүлэлт юм. Гэвч Австрали зэрэг томоохон экспортлогчид Хятадын зах зээлд нийлүүлэх нүүрснийхээ хэмжээг нэмсээр байв. Мөн энэ зах зээлд ОХУ, АНУ зэрэг шинэ тоглогчид “морилсон” билээ. Ингэснээр эрэлтээс давсан нийлүүлэлт үүсэж, коксжих нүүрсний үнэ унасан юм. Хятадын далайн эргийн боомтуудад хагас баяжуулсан буюу угаасан нүүрс өдгөө 800 юанийн үнэтэй байгаа аж. Энэ нь ойролцоогоор 126 ам.доллар. 2011 онд тэнд Австралийн тонн нүүрс 261 “ногоон”-д хүрч байсан удаатай.
Нүүрсний үнэ 2012 оноос ийн хоёр дахин уруудаад байна. Манай түүхий нүүрс 2011 онд уурхайн аман дээрээ 70 ам.доллараар үнэлэгдэж байлаа. Харин одоо 35 ам.доллар руу “гулсчээ”. Нүүрсний үнэ 35 ам.доллараас уруудвал “Эрдэнэс Тавантолгой” ч ашиггүй ажиллана. Өмнөд хөрш есдүгээр сарын сүүлч гэхэд 40 орчим сая тонн коксжих нүүрс импортолсон гэнэ. Шинжээчид Хятад улсын нүүрсний импорт 60 сая тоннд хүрэхгүй гэж таамаглаж байна. Хятадын гангийн хэрэглээ буурч, компаниуд үйлдвэрлэлээ хумисан тул ийнхүү нүүрсний борлуулалт багасчээ. Хятадын удирдагч Си Зиньпин үйлдвэрлэлээ зохиомлоор өсгөхгүй, зах зээлийн жамыг дагуулна гэж мэдэгдсэн. Түүний мэдэгдэл нь Хятадын зах зээлд 2011 оных шиг үнийн хөөс үүсгэхгүй гэдгийг ойлгуулж буй. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Борлуулалт, маркетинг, тээвэр ложистикийн газрын захирал Б.Батбилэг “Ирэх оны эхний хагас жилд нүүрсний үнэ боломжийн түвшинд хүрэх байх. Боломжийн гэдэг нь өмнөх шигээ 200-300 ам.долларт хүрсэн ханш биш.
Компаниуд өртөг зардлаа нөхөөд 10-15 хувийн ашигтай ажиллана гэж би таамаглаж байна” гэв. Хоёр тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй Тавантолгойн орд Хятадын хилээс холгүй оршдог, олборлоход зардал багатай. Гагцхүү энэ ордыг өрсөлдөх чадваргүй болгож буй зүйл нь өндөр өртөгтэй тээвэр юм. Тавантолгойн ордоос Хятадын хил хүртэл төмөр зам тавьсны дараа уг ордын өрсөлдөх чадвар хоёр дахин нэмэгдэнэ гэж судлаачид тодотгодог. Засгийн газрын 268 дугаар тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” компанийг менежментийн багаар удирдуулахаар тусгасан. Уг тогтоолыг “Mongolian mining corporation” компанид зориулан гаргасан гэсэн яриа байна. Тус компани “Эрдэнэс Тавантолгой”-г удирдахаас гадна Тавантолгой-Гашуунсухайтын боомт чиглэлийн 267 км төмөр зам, 20 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах ажлыг 2.5 жилд гүйцэтгэх үүрэг хүлээх аж. 2016 оны эхний хагас гэхэд Тавантолгойн ордыг бүрэн өрсөлдөх чадвартай болгох зургийг энэ тогтоолд тодотгожээ. Энд нэгэн зүйлийг тодруулахад, Засгийн газрын 268 дугаар тогтоолд “...хөрөнгө оруулагч компанийн 51 хувиас багагүй хувийг Монгол Улсад нүүрс олборлох, боловсруулах, тээвэрлэх, экспортлох үйл ажиллагааг таваас доошгүй жил эрхэлсэн туршлагатай, хувьцааных нь хяналтын багцаас доошгүй хувь нь Монгол Улсын иргэний өмчлөлд сүүлийн таван жилийн хугацаанд байгаа хувийн хэвшлийн оператор болон компаниудын консорциум өмчилдөг байх...” гэж тусгасан учраас ийн ярьж буй бололтой.
Т.ЭНХБАТ