Манай улс ОХУ-ын Башкортостан улсаас 800 бүл зөгий, башкир үүлдрийн 500 хатан зөгий авчээ. Эдгээр зөгийг 10 хүрээтэй, олон тасалгаатай үүртэй нь ачсан 20 тоннын багтаамжтай, ачааны бүхээгтэй дөрвөн автомашин ачин энэ сарын 1-нд Башкортостанаас Монгол руу хөдөлжээ. Башкирийн Зөгий үржүүлэг болон зөгийн балаар анагаах аргыг судлах шинжлэх ухаан судалгааны төв гадаадад анх удаа ийм олон бүл зөгий нийлүүлж байгаа аж. Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас зарласан тендерийн дагуу авч буй эдгээр зөгий Азийн хатуу ширүүн уур амьсгалд дасан зохицох чадвартай, өндөр ашиг шимтэй, өвчин эсэргүүцэх чадвар өндөртэй, гоц ашигтай юм байна. Башкортостантай манай улс 2009 онд нийт 10 сая рублийн өртөг бүхий, зөгий нийлүүлэх таван жилийн гэрээ байгуулсан аж. Үүнээс хойш хоёр удаа бүл зөгий авчээ.