Баян-Өлгий аймагт 15 дахь удаагаа болсон бүргэдчдийн наадамд 74 бүргэдэч оролцож, гадаад, дотоодын 500 гаруй үзэгч сонирхжээ. Бүргэд, анчны унаа, морьтны болон анчны хэрэгсэл, үндэсний хувцас эдлэл, бүргэдийн хэл сурсан байдал, хурд авхаалж, ан шүүрэх урлаг зэрэг үзүүлэлтээр шилдэг бүргэдчинг шалгаруулахад Алтанцөгц сумын иргэн, 13 настай анчин охин Н.Айшолпан тэргүүлжээ. Түүний өвөө мянгат малчин Б.Рыс нэрт анчин юм байна. Охины эцэг Р.Нургайрат, ах Р.Ерганат, Р.Тастүлек нар ч бүргэдээр ан хийдэг. Сонирхолтой нь аав, ах нар нь энэ наадамд оролцож, дүүтэйгээ өрсөлдсөн ч зоригт анчин охиноо, дүүгээ бараагүй аж.
Тэгвэл Толбо сумын иргэн Б.Тенелхан хоёрдугаар байрт шалгарсан бол гуравдугаар байрыг Улаанхус сумын иргэн Т.Семсер эзэлжээ. Эл наадмыг “Номадик экспедш” компанийн захирал, АНУ-ын монгол иргэн Б.Жалсай ивээн тэтгэдэг аж. Хоёр өдөр үргэлжилсэн эл наадмаар анд гарамгай бүргэдийн тоглолт, хурдан морь, тэмээний уралдаан, бөхийн барилдаан, сур харваа, арьс булаалдах-көкпар, хүүхэн хөөх-кызкуар, морьтны давхиан дунд мөнгө шүүрэх тэмцээн зохион байгуулжээ.