Хөдөө аж ахуйн гаралтай зарим бүтээгдэхүүнийг ОХУ-д нийлүүлэх ажлын хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж холбогдох албаны хүмүүсийн хамт өнгөрсөн мягмар, лхагва гаригт Москвад ажиллажээ. Энэ үеэр ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Н.В.Федоров, Мал эмнэлэг, хорио цээрийн албаны дарга А.С.Данкверт нартай уулзан Монголоос хойд хөрш рүү экспортлох мах, махан бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүнд ногдуулах татварыг тэглэх, махны экспортын хорио цээрийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар тохиролцоонд хүрч чаджээ. Тодруулбал, Монголын экспортын зарим бараа, бүтээгдэхүүнд ногдуулах татварыг тэглэх боломжийг судлах хамтарсан Ажлын хэсгийг энэ онд багтаан байгуулахаар болжээ. Монголоос экспортлох мах эрүүл, аюулгүй байдлын баталгааг хангасан тохиолдолд Монголын нийлүүлж чадах хэмжээгээр Оросын тал импортын зөвшөөрөл, квот өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлснийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамныхан тодотголоо.
Б.ЦЭЦЭГСҮРЭН