Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ахлуулсан, нийслэлийн Авто замын, Мэргэжлийн хяналтын, Ерөнхий төлөвлөгөөний, Өмчийн харилцааны, Замын цагдаагийн газрын холбогдох албан тушаалтнуудын хамтарсан Ажлын хэсэг зөвшөөрөлгүйгээр автомашины төлбөртэй зогсоол ажиллуулахыг таслан зогсоох шалгалт явуулахаар болжээ. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, холбогдох хууль, тогтоомж зөрчин, төлбөр авч буй иргэн, аж ахуйн нэгжид хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь холбогдох хууль, журамд нийцүүлэх, нийтийн болон хувийн эзэмшлийн зам, талбайг зориулалтын дагуу ашиглахад уг шалгалтын зорилго оршиж буй аж. Нийслэлд 2009 оноос төлбөртэй зогсоол байгуулах тухай ярьж эхэлсэн. 2012 онд нийслэлийн Засаг дарга захирамж гарснаар өдгөө албан ёсны зөвшөөрөлтэй 12 зогсоол бий болсон. Бусад нь хууль бус аж.