Авлигатай тэмцэх газраас мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан баруун бүсийн сургалтыг Ховд аймагт анх удаа зохиолоо.
Сургалтад Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймаг, 91 сумын Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын ажлын алба болон Засаг даргын дэргэдэх агентлагуудын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах 242 эрх бүхий албан тушаалтныг хамруулсан байна. Тэдэнд авлигын эсрэг хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, холбогдох журмыг таниулах, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн програм хангамж, бүрдүүлэлтийн үйл ажиллагааны талаар арга зүйн зөвлөгөө өгч, хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэхэд үүсч буй хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцсон юм.
Бүсчилсэн сургалтыг цаашид Архангай, Дархан-Уул, Дорноговь, Улаанбаатар хотод зохиож, төрийн байгууллагын салбар, нэгжүүдэд ажиллаж байгаа нийт 1200 гаруй эрх бүхий албан тушаалтныг хамруулахаар төлөвлөжээ.