Үйлдвэр хөдөө аж ахуйн яам “Улаанбаатар” болон гурил үйлдвэрлэгч хэд хэдэн компанид улаан буудай импортлох зөвшөөрөл олгосныг газар тариалангийн салбарыг унагаах ажил хийж байна хэмээн тариаланчид буруушааж, өнгөрсөн 10-аад хоногийн хугацаанд багагүй дуулиан дэгдсэн. Тэгвэл ҮХААЯ, Үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбоо, улаан буудай импортлох зөвшөөрөл авсан гурилын үйлдвэрүүд, гурил импортлогч компаниуд хэлэлцээрийн ширээний ард сууж, уг асуудлаар нэгдсэн шийдэлд хүрчээ. Тодруулбал, аравдугаар сарын 7-ноос өмнө улаан буудай импортлох гэрээ байгуулаагүй, зардал гаргаагүй аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг цуцлах болсноо Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр онцоллоо. ОХУ-аас нийт 49000 тонн улаан буудай импортлох зөвшөөрлийг энэ оны долоо болон есдүгээр сард ҮХААЯ-наас олгосон байна. Х.Золжаргал даргын мэдэгдэж буйгаар “Улаанбаатар” компани 7000 тонн буудай импортолсон бол бусад компани нь хойд хөрштэй хараахан гэрээ байгуулаагүй аж. Тэгэхээр нийт 42000 тонн улаан буудай импортлох тусгай зөвшөөрлийг ийнхүү хүчингүй болголоо. “Гурил үйлдвэрлэгчид цавуулаг ихтэй улаан буудайгаа эхэлж тээрэмдээд, хоёрдугаар сарын дунд үед чанар муутай нь үлддэг. Тэгэхээр цавуулаг сайтай улаан буудайтай хольж тээрэмдэх шаардлага зайлшгүй тулгардаг. Тиймээс хоёрдугаар сарын 15-наас хойш хэрэг болох цавуулаг ихтэй улаан буудайг хямд үед нь оруулж ирэх боломж олгож импортын зөвшөөрөл олгосон” хэмээн яамны Төрийн нарийн бичгийн дарга учирлав. Түүнээс гадна дотоодын тариаланчдыг хамгаалахын тулд “Улаанбаатар” компанийн импортолсон 7000 тонн буудайн тодорхой хувийг арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө, мөн тодорхой хэсгийг хоёрдугаар сарын 15-наас өмнө эргэлтэд оруулахгүй байх үүрэг өгчээ.
Б.ЦЭЦЭГСҮРЭН