Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хурлаар шингэрүүлсэн хийн хангамжийг нэмэгдүүлэх, нөөцлөх, хадгалах агуулахыг өргөтгөх болон гэр хорооллын айл, өрхийн хийн түлшний хэрэглээ нэвтрүүлэх ажлын явцын талаар хэлэлцлээ. Хийн агуулахыг өргөтгөж, нийслэлийн айл өрхүүдэд хийн зуухны иж бүрдэл нийлүүлэх тендерт “Дашваанжил”, “Юни газ”, “Гор газ” гэсэн гурван компани шалгарч, хариуцсан ажлаа арваннэгдүгээр сарын 15-наас өмнө дуусгахаар гэрээ байгуулсан юм. Хийн агуулахын багтаамжийг 1100 тн-оор нэмэгдүүлэх ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Харин хийн зуухны иж бүрдэл нийлүүлэх ажил тоног төхөөрөмж татан авах, угсралтын шатандаа яваа гэнэ. Баянхошууны эцсээс Долоон буудал хүртэлх хэсэг буюу Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн утааны голомтын бүс дэх 5000 өрхөд ирэх сарын 1-нээс хийн зуухны иж бүрдэл нийлүүлж эхэлнэ. Дээрх гурван дүүрэгт хийн зуухны иж бүрдэл нийлүүлэх борлуулалтын цэг байгуулах, айл өрхүүдэд хүргэж, суурилуулж өгөх дуудлагын баг ажиллуулах зэрэг бэлтгэл ажил үргэлжилж байгаа юм байна. Хийн зуухны иж бүрдэл 200 мянган төгрөгийн өртөгтэй. Энэ үнийн дүнгийн 70 хувийг хөнгөлж, 60 мянган төгрөгөөр айл өрхүүдэд нийлүүлэх юм. Иж бүрдэлд зуух, баллонтой хий, аюулгүйн хамгаалалтын хэрэгслүүд багтах аж. Нүүрс, цахилгааны аль алинаас хурдан халдаг, эдийн засгийн хэмнэлттэй энэ бүтээгдэхүүнийг үйлдвэржсэн орнууд айл өрхийн хэрэглээнд өргөн нэвтрүүлж, агаарын бохирдлыг бууруулах ажилдаа хөшүүрэг болгосон байдаг. Манай орны хувьд хийн буюу газан зуухыг нийтийн хоолны газруудад түлхүү ашиглаж, айл өрхийн хэрэглээнд төдийлэн сайн нэвтрүүлээгүй байгаа. Иймд дэвшилтэт энэ төрлийн хэрэглээг өргөжүүлж, дадлагажуулахын тулд энэ онд эхний ээлжинд 5000 өрхөд хийн зуух нийтүүлэх юм. Ирэх жилүүдэд энэ ажлыг өргөжүүлэхээр төлөвлөж байна.