Сүүлийн 17 сарын доод түвшинд хүрч буураад байсан WTI маркийн газрын тосны үнэ өчигдөр дээшиллээ. Ам.долларын ханш дөрвөн өдөр дараалан хямдарсан нь тавааруудын үнэд эерэг нөлөө үзүүлж байна. “Ноён” доллар цаашид ч сулрах эрсдэл бий тухай Холбооны нөөцийн сан өчигдөр мэдэгдсэний дараа Нью-Йоркийн биржид түүхий газрын тосны үнэ 0.7 хувиар дээшилжээ. “Нефтийн үнэ одоогийн түвшнээс өснө” хэмээн “Landesbank Baden-Wuerttemberg” компанийн шинжээч Фрэнк Кламп Германаас “Bloomberg”-т мэдээлсэн байна. Нью-Йоркийн таваарын биржид WTI маркийн нефтийн спот үнэлгээ нь 87.31 ам.доллартай тэнцэж буйг “Bloomberg” мэдээлж байна.
Он гарснаас хойш WTI бенчмаркийн газрын тосны үнэ 11 хувиар суларсан бөгөөд АНУ, ОХУ зэрэг улсын олборлолт нэмэгдэж буйтай холбоотой юм. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Америкийн олборлолтын хэмжээ өдөрт 8.88 сая баррель болж өсчээ. 1986 оны гуравдугаар сараас хойш “Сэм авга”-ын нефтийн олборлолт ийм өндөр түвшинд хүрээгүй гэнэ.
Б.ЦЭЦЭГСҮРЭН