Монгол Улсын Засгийн газраас УИХ-д 2015 оны төсвийн төсөл өргөн барихдаа боловсрол, эрүүл мэнд, соёлын байгууллагын ажилтнуудын цалин, урсгал зардлыг нийслэлд хариуцуулж, хөрөнгө оруулалтын зардлыг тэглэжээ. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай санал солилцох уулзалт хийсэн юм. Энэ талаар нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгаас зарим зүйлийг тодрууллаа.
-Ирэх оны төсвийн төсөлд боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарынхны цалинг нийслэлд хариуцуулахаар тусгасан байна. Үүнийг хэрэгжүүлэх боломжтой юу?
-Жилд 340 гаруй тэрбум төгрөгийг нийслэлээс эдгээр байгууллагын цалинд зарцуулахаар байгаа юм. Өөрөөр хэлбэл, ахмад настан, цагдаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутны унааны хөнг өлөлт болох 53 тэрбум, боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарын ажилчдын цалин болох 290 тэрбум төгрөгийг нийслэл бие даан хариуцахаар болж байна. Энэ бол боломжгүй зүйл. Хэрэв энэ төслийг баталбал ирэх оны нэгдүгээр сараас нийслэлийн багш, эмч нар, соёлын байгууллагын ажилтнуудын цалинг бид олгож чадахгүйд хүрч, эхний улиралд 71, хоёр дахь улирал гэхэд 105 тэрбум төгрөгийн төсвийн алдагдалд орно.
-Нийслэлийн төсвийн хөрөнгө татвараас бүрддэг. Гэтэл энэ мөнгийг яаж бүрдүүл гэсэн чиглэлийг Засгийн газар өгсөн бэ?
-Уг төсвийн төсөлд нийслэлийн өдөр тутмын ажил, төсөл, хөтөлбөрийг хэрэгж үүлэх бүтээн байгуулалтын ажилд ямар ч мөнгө тусгаагүйгээс гадна иргэдээс авдаг татваруудыг хоёр дахин нэмэгд үүлж, хөрөнгө босгох чиглэл өгсөн байгаа юм. Тэгээд зогсохгүй Улаанбаатар хотод амьдарч буй иргэн бүрээс нийслэлд амьдарсных нь төлөө татвар ав гэсэн. Монгол Улсын Засгийн газар энэ төсвийн төслөө орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, бие даасан байдлыг бий болгох бодлогоор боловсруулсан гэж тайлбарлаж байгаа. Засгийн газар нийслэлийнхээ иргэдийн нуруун дээр хүнд ачаа үүрүүлэх ийм төсвийн төсөл өргөн барьсанд үнэхээр гайхаж байна.
-Ийм төсөл өргөн барьж байгаа талаар өмнө нь та бүхэнд мэдэгдсэн үү?
-Төслийг УИХ-д өргөн барихаас өмнө нийслэлийн удирдлагууд Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж, удаа дараа асуудлыг ярьж, тайлбарласан. Тиймээс миний бие дүүргийн удирдлагуудтай уулзаж, дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд асуудал тавьж, энэ төслийг батлуулахгүй байх хэрэгтэйг анхаарууллаа. Ядаж хотоос сонгогдсон гишүүд нийслэлийн иргэдээ дарамтад оруулахгүйн төлөө эсрэг кноп дарах хэрэгтэй. Ард түмнээсээ сонгогдсон парламентын гишүүд Улаанбаатар хотыг аврах уу, дампууруулах уу гэдгийг одоо л харъя.
-Хэрэв энэ төслийг УИХ-ын гишүүд баталчихвал яах вэ?
-Хот дампуурч, нийслэлээс хэрэгжүүлж буй бүх төсөл, хөтөлбөр шууд зогсоно. Цалин, тэтгэвэр, иргэдийн орлогыг нэмэхгүй байж иргэдээс авдаг авто тээврийн татвар, үл хөдлөх хөрөнгийн татварыг хоёр дахин нэмэгдүүлж, хөрөнгө босгохыг бид яагаад ч хүлээж авч чадахгүй. Үүнийг бид Засгийн газрын тэргүүнд учирласан. Нийслэл өнгөрсөн жил төсвийн орлогоо 16 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн бол өнөөдрийн байдлаар нийслэлийн төсөв 30 тэрбум төгрөгөөр тасраад байна. Энэ нь орлоготой, цалинтай иргэдийн тоо буурсантай холбоотой. Ийм байхад нийслэлийн бүтээн байгуулалтыг зогсоож, төсвөөр дарамтлах шийдвэрийг УИХ гаргахгүй гэж найдаж байна.
Р.ОЮУН