Монголчууд мод тарьдаг өдөртэй болоод дөрвөн жил болж буй. Энэ хугацаанд улсын хэмжээнд нийт зургаан сая гаруй мод тарьсан аж. Маргааш мод тарих үндэсний өдөр. Эл өдрөөр нийслэлд ямар ямар ажил зохиох талаар нийслэлийн Байгаль орчны газрын Ой, ногоон байгууламжийн хэлтсийн дарга Ч.Болдбаатараас тодрууллаа.
-Үндэсний мод тарих өдрөөр нийслэлд хэчнээн мод тарих вэ?
-Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу мод тарих үндэсний өдрийг нийслэлийн хэмжээнд дүүрэг бүрт зохион байгуулдаг уламжлалтай. Өнгөрсөн жил 295 мянган мод тарьсан. Энэ жилийн хувьд хавар 209 мянга гаруй мод тарьсан байгаа. Өнгөрсөн жилийнхээс тоогоо ахиулах төлөвлөгөөтэй байна. Бид иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг ч уриалсан. Одоогоор урьдчилан тооцоолсон зүйл алга. 2014 он гарснаар манай байгууллага хотын хэмжээнд мод тарих өдрөөс гадна төлөвлөгөөний дагуу ой болон ногоон байгууламжид 1.6 сая мод тарьсан. Саяхан ажлынхаа үр дүнг шалгасан. Стандарт хангасан гэж үзэж байгаа.
-Хэр ургасныг нь стандарт хангасан гэж үзэж байгаа юм бэ?
-75-аас дээш хувьтай байж норм, төлөвлөгөөндөө хүрдэг. Дунджаар 80 хувьтай байна. Энэ нь стандартын шаардлагыг хангаж байна гэсэн үг.
-Тарьц суулгацын үнэ ямар байгаа бол?
-Мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжээс авсан үнийн саналуудад үндэслэн хамтран хэлэлцэж, жишиг үнийн санал гаргасан. Тухайлбал, улиас 1500-5000, хайлаас 500-1800, харгана 600- 1800, шар хуайс 1500-3500, гүйлс 1500-4500 төгрөгийн үнэтэй байгаа.
-2020 онд гэхэд нийслэлийг ногоон хот болгоно хэмээж буй. Энэ ажлын хүрээнд юу хийж байна вэ?
-2020 онд гэхэд хотын ногоон байгууламжийн нэг хүнд ногдох хэмжээг 20 ам метрт хүргэнэ гэсэн зорилт тавьсан. Энэ бол дэлхийн ногоон хотуудын жишиг. 2016 он хүртэл эхний ээлжинд томоохон 10 цэцэрлэгт хүрээлэн байгуулан, ногоон байгууламжийнхаа тоог нэмэгдүүлнэ. Цэцэрлэгт хүрээлэн болон бичил ногоон байгууламжтай болох зайлшгүй шаардлагатай. Энэ онд нийслэлийн 11 байршилд шинээр ногоон байгууламж бий болгож байна. Одоо бараг хүлээж аваад дуусаж байгаа. Томоохон дөрвөн цэцэрлэгт хүрээлэнгээс бусад нь бичил ногоон байгууламж.
Д.БАТСҮРЭН