Засгийн газарт хамтран ажиллаж байгаа МАХН өөрийн “төлөөлөгчөө” ШШГЕГ-ын дэд даргын албан тушаалд томилжээ. Энэ тухай мэдээллийг тус газрынхан болон МАХН-ынхан нууцалж буй юм байна. Уг албан тушаалд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын туслахаар ажиллаж байсан Дэмбэрэлдоржийн Мөнхсайхан гэх залууг томилжээ. Өөр эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаярын хуулийн зөвлөх, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байсан, АТГ, цагдаагийн байгууллагад түүний өмнөөс очиж тайлбар мэдүүлэг өгч байсан нэгэн гэнэ. Гэвч тэрбээр төрийн албанд тийм ч удаан ажиллаагүй, төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй учраас дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон гэнэ. Д.Мөнхсайхан нь нэгэн хувийн хуулийн сургуулийг 2006 онд төгссөн, эрхзүйч мэргэжилтэй аж. Цэргийн алба хаагаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нэг ч өдөр ажиллаж үзээгүй хүн гэнэт дэд даргын албан тушаалд томилогдон ирсэнд тус байгууллагынхан ихэд гайхаж буй сурагтай.