Дорноговь аймаг дахь Хилийн 0129 дүгээр ангийн хариуцсан хэсгийн хилийн зурваст энэ сарын 7-нд хар сүүлт, цагаан зээр хууль бусаар агнаж явсан хулгайн анчдыг хилчид илрүүлэн саатуулжээ. Анчид Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат хүмүүс байсан бөгөөд ан хийх үедээ “УАЗ-469” маркийн автомашин хөлөглөж, “Вепрь”, “Дробинк” маркийн буу, хоёр нүдний дуран зэргийг ашиглаж явсан гэнэ. Тэд хэд хоногийн өмнөөс урьдчилан тохиролцож, буу сумаа бэлтгэснээ хүлээсэн байна. Тэднийг үргэлжлүүлэн шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Мэргэжлийн байгууллагын шинжээчид дээрх хүмүүсийн агнасан хар сүүлт, цагаан зээрийн экологи, эдийн засгийн үнэлгээг 54 сая төгрөгөөр тогтоосны дагуу мөрдөн байцаах байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тэдний гэм буруутай үйлдэл нь шүүхээр тогтоогдвол хуулийн дагуу уг хохирлыг гурав нугалж төлүүлэх юм байна.