Хан-Уул дүүргийн нутаг, 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулдаг “Центро” шөнийн цэнгээний газарт бүжиглэдэг ОХУ-ын иргэн хоёр эмэгтэйг уржигдар орой хууль хяналтын байгууллагынхан саатуулжээ. Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн эх сурвалжийн мэдээлснээр дээрх хоёр эмэгтэй манай улсад жуулчны визээр орж ирсэн байж. Жуулчин ангиллын визээр орж ирсэн хүмүүс манай улсад ямар нэгэн хөдөлмөр эрхлэхгүй байх хуультай. Гэтэл шөнийн цэнгээний газарт бүжгийн үзүүлбэр үзүүлж байсан нь хууль зөрчсөн үйлдэл болсон гэнэ. Түүгээр зогсохгүй цагдаагийн байгууллагад дээрх хоёр орос бүсгүй өдрийн цагаар биеэ үнэлдэг байж болзошгүй гэсэн мэдээлэл ирсэн аж. Тиймээс хууль хяналтын байгууллагынхан тэдний асуудлыг нарийвчлан шалгахаар түр саатуулсан аж. Тэднийг хууль бусаар ажиллуулж байсан “Центро” шөнийн цэнгээний газрын удирдах албан тушаалтан нэгэн эмэгтэй хууль хяналтын байгууллагынханд “Энэ хүмүүс ямар нэгэн зөрчилгүй. Хуулийн дагуу бүжиглэж байгаа, зөвшөөрлөө авсан. Хэчнээн төгрөгийн цалин авдагийг нь ерөнхий захирал мэднэ” хэмээн тайлбарласан сурагтай.