Манай улс олон улсын түвшинд эрэн хайх, аврах үйл ажиллагаа явуулах чадвартай аврагчидтай болохоор бэлтгэж байна. Үүний тулд Япон, БНХАУ, Шинэ Зеланд, БНСУ-ын шинжээчдээс бүрдсэн олон улсын үнэлгээний баг урьжээ. Үнэлгээний баг энэ сарын 6-10-нд Улаанбаатарт ирж, нийслэлийн Онцгой байдлын газар, Аврах тусгай анги, Сэлэнгэ аймагт ажиллан, Монгол Улсын гамшгаас хамгаалах бүтэц, үйл ажиллагаа, албан хаагчдын бэлэн байдал, эрэн хайх, аврах ажиллагааны өнөөгийн чадавх, техник хэрэгсэлтэй танилцаж байна. Ингээд дүн шинжилгээ хийж, зөвлөмж гаргах юм. Уг зөвлөмжийн дагуу манай улс олон улсын түвшинд эрэн хайх, аврах үйл ажиллагаа явуулах чадвартай аврагчдыг бэлтгэхээр төлөвлөжээ.
НҮБ-ын Олон улсын хүмүүнлэгийн зохицуулах албана 2004 онд Монгол Улсын гамшгаас хамгаалах систем, тогтолцоонд үнэлгээ хийж, нийт 33 зүйл бүхий зөвлөмж гаргасан. Тэр дагуу манай улс НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгээс зохион байгуулдаг Ази, Номхон далайн бүсийн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах сургуулилалт, Багийн ахлагч нарын уулзалт, Бүсийн чуулганд жил бүр оролцож, бусад улсын эрэн хайх, аврах ажиллагаанаас суралцан, үндэснийхээ хот дотор эрэн хайх, аврах бие бүрэлдэхүүнээ чадваржуулж иржээ. 2015 онд Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн Ази, Номхон далайн бүсийн сургуулилалт Улаанбаатарт болно.