Мод тарих үндэсний өдрөөр Чингэлтэй дүүргийн төрийн байгууллагын 500 гаруй албан хаагчид Чингэлтэй хайрхан уулын Салхитын аманд 1000 гаруй мод тарьж, орчныг нь цэвэрлэжээ. Тус дүүргийн ЗДТГ-аас санаачлан зохион байгуулдаг уг үйл ажиллагааны дүнд өнгөрсөн жилүүдэд 5000 орчим мод тарьсан байна.
Ногоон дүүрэг болох зорилт тавьсан Чингэлтэйчүүд цаашид таван га талбайг хамарсан “Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулахаар төлөвлөжээ. Уг цэцэрлэгт хүрээлэнд задгай театр, иргэдийн амрах, зугаалах талбай, явган хүний зам, ногоон байгууламж, мөн монгол бичигт зориулсан гэрэлт хөшөө байх аж.