“Дэлхийн Монгол-ногоон нэгдэл”, “Босоо хөх Монгол” ТББ-ынхан уурхайн ажилчин барьцаалж, дээрэмдсэн гэх мэдээлэл гарсан. Үүнд тайлбар өгөхөөр тус байгууллагуудын удирдлага болон сумын иргэдийн төлөөлөл өчигд өр хэвлэлийн хурал хийв. Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Өвөрхөшөөт хэмээх газарт “Жи энд юу гоулд” ХХК ашигт малтмал олборлодог аж. Тус компани ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй ч Өвөр хөш өөтийн ам мөнх цэвдэгтэй, дэлхийн цэвэр усны хагалбар, нөөц газар. Тиймээс уурхайн үйл ажиллагаанаас болж Шар усан гол ширгэж, мал, амьтан хордсон гэнэ. Нутгийн иргэд тус компанийн үйл ажиллагааг зогсоохыг шаардаж, “Дэлхийн Монгол- ногоон нэгдэл”, “Босоо хөх Монгол” ТББ-д ханджээ. Эдгээр байгууллага иргэдийн хүсэлтийн дагуу энэ сарын 4-нд тус сумыг зорьж, уурхайн үйл ажиллагааг шалгасан аж.
Хурлын үеэр “Дэлхийн Монгол- ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин “Гурванбулаг суманд гурав хоног ажиллаж, алхам бүрээ дүрсжүүлэн баримтжуулсан. Хүн барьцаалж, хүч хэрэглээгүй. Харин ч тус компанийн захирал Г.Чинтөмөр ажилчдадаа “Иргэний хөдөлгөөнүүдийн машиныг дайр” гэсэн тушаал өгч, дөрвөн том, хоёр жийп машинаар биднийг хоёр км гаруй газар хөөж, алахыг завдсан” гэлээ. Хэвлэлийн хуралд “Жи энд юу гоулд” компанийн уурхайн инженер Г.Батгэрэл гэх залуу ирсэн. Тэрбээр “Манай уурхайн ажилчид Шар усан голоос ундны усаа авдаг болохоос үйлдвэрлэлд ашиглааг үй. Гүний ус ашигладаг. Мал, амьтан хордсон гэдэг нь ташаа мэдээлэл. Шинжилгээний хариу гарсан. Энэ талаар манай компани удахг үй баримт дэлгэж, мэдээлэл өгнө” гэсэн юм.
Хуралд оролцсон Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын иргэн Э.Жавхлангаас зарим зүйлийг тодрууллаа.
-Тэнд нөхцөл байдал яг ямар байгааг хэлж өгөөч?
-Хар усан голын загас жараахай үхээд эхэлсэн. Тиймээс бид эдгээр төрийн бус байгууллагад хандсан юм. Өмнө нь төрийн байгууллагуудад хандаад ямар ч үр дүнд хүрээгүй. “Жи энд юу гоулд” компани сумын төвөөс гурван км зайд байдаг. Уурхайн тэсэлгээний дуу чимээ, том машины хөдөлгөөн, мал, амьтан хордсоноос болж, сумын иргэд айдас түгшүүртэй амьдарч байна.
-Хэчнээн мал, амьтан үхсэн юм бэ. Хордсон гэсэн шинжилгээний хариу гарсан юм уу?
-100 орчим шувуу, Хар усан голын загас жараахай, хонь, ямаа хордож үхсэн. Манай аймгийн Мал эмнэлгийн газарт хийсэн шинжилгээгээр химийн хоронд хордсон гэсэн хариу гарсан.
-“Жи энд юу гоулд” компанийн ажилчин “Бид Шар усан голоос үйлдвэрлэлийн зориулалтаар ус авдаггүй” гэлээ. Гэтэл та бүхэн тус голыг ширгэсэн гэх юм?
-Шар усан голоос уг компанийн ажилчид том машинд ус соруулаад авч явдаг. Одоо хэсэг хэсэг цүнхээл л үлдсэн.
-Нөхөн сэргээлт хийсэн үү?
-Нөхөн сэргээлт хийх ёстой 158 га талбайн 16.8 га-д техникийн нөхөн сэргээлт хийсэн. Биологийн нөхөн сэргээлт огт хийгээгүй. Тус компанийн учруулсан хохирол 3.9 тэрбум болохыг БОНХЯ баталгаажуулсан. Тиймээс бид тус компанийн үйл ажиллагааг бүрэн зогсоохыг шаардаж байна.
Ч.БОЛОРТУЯА