Эрүүл мэндийн салбарын “Нээлттэй хаалганы өдөр” Чингисийн талбайд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Өдөрлөгт ЭМЯ, Нийслэлийн эрүүл мэндийн газар болон 1-3 дугаар шатлалын эрүүл мэндийн байгууллага, тусгай мэргэжлийн төвүүд оролцож, үйл ажиллагаагаа иргэдэд сурталчлан, үнэ төлбөргүй зөвлөгөө өгсөн юм. Энэхүү өдөрлөгийн онцлог нь иргэд эрүүл мэндийн цогц мэдээллийг нэг дороос авах байв.
Улсын клиникийн гуравдугаар эмнэлгийн эмч нарын хувьд гурван төрлийн үзлэг хийж байсан бөгөөд өнгөрсөн ням гарагт нийтдээ 500 орчим иргэдийг үзлэгт хамруулжээ. Харин Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд залуучууд голдуу цуглуулсан байлаа. Учир нь тэд бэлгийн замын халдарт өвчин болоод түүнээс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж байсан юм.
Сүүлийн үед олон хүний тэр дундаа эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг таргалалтын талаарх танилцуулга цөөнгүй хүмүүсийн анхаарлыг татаж байв. Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд жин, өндөр хэмжиж, тухайн хүний байх ёстой жин болоод илүүдэл жинг тогтоож, хэрхэн яаж жин хасах талаар зөвлөгөө өгч байсан. Таргалалтыг саяхан болтол өвчинд тооцдоггүй байсан аж. Тэгвэл таргалалт нь бие махбодийн бодисын солилцооны үйл ажиллагааг алдагдуулж байдаг өвчин ажээ. Энэ өвчинд эмэгтэйчүүд зонхилон өртдөг ч сүүлийн үед эрчүүд, хүүхдүүд хүртэл өртөх болсон байна.
Сүүлийн үед өвдсөн хүн эмнэлэг зорьдог гэсэн ойлголт хуучирч, өвдөхөөсөө өмнө эмчээс зөвлөгөө авдаг болсныг эмч нар бас сайшаан хэлж байлаа. Ялангуяа өндөр настнуудын хувьд зөвлөгөө авах, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь нэмэгджээ. Өдөрлөгийн хүрээнд иргэдийн даатгалын дэвтэргүй байсан ч үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгч байлаа.
М.Болор