Нийслэлийн 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Цэргийн хүрээний анги, байгууллагын үлээвэр найрал хөгжмийн бие бүрэлдэхүүний дунд үлээвэр найрал хөгжмийн уралдааныг зохиож байна. Уралдаан зохион байгуулах ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллах юм. Тус уралдааны шалгаруулалт аравдугаар сарын 19-ны өдөр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д 11.00 цагаас болно. Шилдэг хөгжмийн бүрэлдэхүүнд Нэгдүгээр байр-1 сая төгрөг, Хоёрдугаар байр-800.000 төгрөг, Гуравдугаар байр-600.000 төгрөг, Тусгай байр-400.000 төгрөгийн шагнал олгох аж. Мөн шилдэг удирдаач, шилдэг гоцлол хөгжимчин шалгаруулж тус бүр 300.000 төгрөгөөр шагнах юм. Уралдаанд шалгарсан анги, байгууллагын үлээвэр найрал хөгжмийн бие бүрэлдэхүүн нийслэлийн 375 жилийн ойн өдрөөр “Их эзэн Чингис хаан”-ы талбайд болох Парад шоунд оролцоно гэж Нийслэлийн ЗДТГ—ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.