Нийслэлийн 375 жилийн ойн өдөр аравдугаар сарын 29-нд тохиох гэж байна. Энэ өдөр Их эзэн Чингис хааны талбайд анх удаагаа парад зохион байгуулахаар боллоо. Парадад төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллага, их дээд сургуулиуд зэрэг 30 гаруй байгууллагын 8000 орчим ажилтан албан хаагчид, оюутан залуус оролцохоор бүртгүүлээд байна.
Олон улсын хэмжээнд хотуудын баяраар зохион байгуулдаг нэгэн том арга хэмжээ нь тухайн хотын даргын нэрэмжит парад байдаг.
Парадад сонирхсон албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд оролцох бүрэн боломжтой аж. Энэ өдөр нийслэлийн иргэдэд зориулсан хоолны амталгаат худалдаа, их хотын хямдрал, урлагийн тоглолт зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохиохоор төлөвлөөд байгаа юм.
Мөн энэ өдөр Тэнгис, Өргөө кино театрууд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр, Монголын Үндэсний музей, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Уран зургийн галлерей, Монголын Театрын музей, Улаанбаатар хотын музей үнэ төлбөргүйгээр иргэддээ үйлчлэхээр боллоо.
Мөн энэ үеэр нийтийн тээврийн үйлчилгээ мөн 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлэх аж.
.