АНУ-ын Нью-Йорк хотоос ирэх үлэг гүрвэлийн олдворуудыг албан ёсоор хүлээн авах ёслолын үйл ажиллагаа маргааш Туушин компанийн хяналтын талбайд болно. Энэ талаар Археологийн зөвлөх С.Урантөгс, логистик хариуцсан мэргэжилтэн М.Мөнхтуяа нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Энэхүү олдворуудыг хүлээн авах ажлыг ССАЖЯ-ны Палеонтологи, археологийн музейн шинэчлэл төслийн баг зохион байгуулж байна. Мөн Туушин компани, Бодь даатгал, Нийслэлийн Цагдаагийн газар, Улаанбаатар хотын Гаалийн газар, Үлэг гүрвэлийн төв музей хамтран ажиллаж байгаа юм.
Үлэг гүрвэлийн олдворуудыг манай улсад олгохтой холбоотойгоор Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх гэрээнд манай улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл өнгөрсөн зургадугаар сарын 19-нд гарын үсэг зурсан юм. Тээвэрлэлт хийх үнийн саналыг судалсны дүнд “Туушин” компани, даатгалын компаниар Бодь даатгалыг сонгожээ. Үлэг гүрвэлийн олдворуудын баглаа боодлыг АНУ-ын Нью-Йорк хотын Сорраунд Арт компани хийж, сайн дурын таван ажилтан тус ажлыг гүйцэтгэсэн байна.
Археологийн зөвлөх С.Урантөгс хэлэхдээ, “Т-Батаарыг Монголд ирснээс хойш эхлээд 17, дахин 5 үлэг гүрвэл хууль бусаар хил нэвтэрч АНУ-д гарсныг тогтоосон. Тээвэрлэлтийн зардал хэмнэх үүднээс олдворуудыг нийлүүлж 40 тоннын чингэлэгт 29 хайрцагт хуваан хийж нааш нь ачуулсан. Нийт тээвэрлэлтийн зардал 100 мянга орчим ам.доллар болсон” гэв.
Батаарын олдвор, Овирапторын чулуужсан өндөг, таван үлэг гүрвэлийн хамтдаа чулуужсан яс зэрэг долоон том, 15 жижиг нийт 60-80 сая жилийн настай 22 олдвор ирэх юм. Эдгээр олдворуудыг Монголын говиос олдсон гэдгийг судлаачид тогтоожээ. Судлаач Марк Норелл ийм төрлийн олдворууд нь нэн ховор бөгөөд шинжлэх ухааны чухал судлагдахуун болохыг тэмдэглэсэн байна.
Эдгээр олдворуудаас эхний ээлжинд шууд үзүүлэхэд бэлэн байгаа 5-6 үзмэрийг энэ сарын 31-нд Үлэг гүрвэлийн музейд дэлгэн үзүүлэх аж.