Сонгинохайрхан дүүргийн I, II хороо, Орбит орчимд “Стандарт проперти групп” компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, өнгөрсөн тавдугаар сард батламжаа авсан. Тус компанийнхан Орбитын VI, VII, VIII гудамж дахь эхний ээлжинд чөлөөлсөн газартаа ирэх оны IV улиралд ашиглалтад оруулах 324 айлын орон сууцны шавыг өчигдөр тавилаа. Тус групп Орбит орчмын 326 нэгж талбарыг дахин төлөвлөхдөө оршин суугчдын 78 хувьтай хоёр талт гэрээ байгуулж батламж авсан бол нэмж гэрээ байгуулсаар 86 хувьд хүрчээ. Төсөл хэрэгжүүлэх 26.3 га газарт есөн давхар 30 орон сууц, 960 хүүхдийн сургууль, 540 хүүхдийн цэцэрлэг, 120 ортой эмнэлэг, лаборатори, худалдаа үйлчилгээний цогцолбор бүхий 2590 айлын орон сууцны цогцолбор хороолол барих аж. “Стандарт проперти групп” нь барилгын менежмент, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Барилга угсралт, засвар үйлчилгээний “Нобел констракшн”, үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Нобел рийл эстейт” зэрэг охин компанитай аж.